Шарите эмнэлэг Навальныйн эмчилгээний тайланг дэлгэв
2020-12-24

Берлиний Шарите эмнэлэг Алексей Навальныйн хордсоны дараах биеийн байдлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Lancet шинжлэх ухааны сэтгүүлд нийтлүүлжээ. Энэ тайландаа Навальныйг холинэстеразын ингибитороор хордуулсан гэж дахин баталсан байна. 

 

"Шарите эмнэлэгт өвчтөн хүргэгдсэн даруйд авсан цусны дээжээс "Новичок" бүлгийн фосфор органик мэдрэл саармагжуулах бодисыг Химийн зэвсгийг хориглох байгууллагаас томилогдсон Германы Зэвсэгт хүчний лаборатори илрүүлсэн гэж хоёр долоо хоногийн дараа Германы Засгийн газар мэдэгдсэн" хэмээн уг нийтлэлд онцолсон байна. 

 

Навальныйг эмчилсэн тухай тайланг дээрх сэтгүүлийн хүсэлтээр, улс төрч Навальныйн зөвшөөрөлтэйгээр нийтэлсэн байна. Эмнэлзүйн тайланд өвчтөнийг Герман руу тээвэрлэх болон тээвэрлэсний дараах үе, түүнчлэн Омск хотын эмнэлэгт Германы эмч очих үеийн биеийн байдлыг тусгажээ. Энэ бүх хугацаанд Навальныйн зүрхний цохилт удааширсан, гүн комд байсан юм. 

 

Эмч нарын тайланд өгүүлснээр, Навальныйд шүлс, хөлс ихээр ялгарах комын байдал, амьсгалын дутмагшил, нүүрстөрөгчийн солилцооны алдагдал зэрэг шинж тэмдгүүд илэрч байсан гэнэ. Навальный хордсоноосоо хойш 12 дахь өдрөө л өөрөө бие даан амьсгалж эхэлсэн бол 24 дэх өдөр нь түүнээс уушгины хиймэл амьсгалын аппаратыг салгасан байна. Улмаар 55 дахь өдөр гар салгалах, хөдөлгөөний эрхтнүүдийн удаашрал зэрэг шинж тэмдгүүд арилжээ. 

 

Шарите эмнэлэгт хийсэн цус, шээсний шинжилгээгээр Омскийн эмч нар өвчтөнд атропин болон өөр хэд хэдэн эм өгсөнийг батласан байна.Мөн Германы эмч нар Навальный хордохоос өмнө эрүүл мэндийн байдал нь сайн байсны ачаар эмчлэгдэж тэнхэрч чадсан гэж үзэж байгаа гэнэ. 

 

Өмнө нь Оросод Навальныйн биеийн байдалтай холбоотой хэд хэдэн хувилбар гарч байсны дотор улс төрчийг турах гэж хоолны дэглэм барьж байсан, нойр булчирхайн үрэвсэл эсвэл чихрийн шижинтэй байсан нь бие огцом муудахад нөлөөлсөн гэж таамаглаж байлаа. Харин Германы эмч нарын тайланд эдгээр өвчний талаар дурьдаагүй байна. 

 

"Хачин юм аа, чихрийн шижингийн талаар ч нойр булчирхайн үрэвслийн талаар ч Германы профессорууд бичсэнгүй. Тэд ийм зүйл надаас олсонгүй" хэмээн Навальный блогтоо бичжээ. 

 

Эргэн сануулахад, наймдугаар сард Алексей Навальныйн бие эрс муудаж, улмаар Омскийн эмнэлгээс Германы Берлин хотын Шарите эмнэлэг рүү комын байдалтай хүргэгдэн, тэндээ эмчлүүлээд гарсан юм. Түүнийг хордуулсан гэх хувилбар бие нь муудсан үеэс л яригдаж байсан бөгөөд улмаар Навальныйгаас авсан шинжилгээнүүүдээс "Новичок" бүлгийн хор олдсон гэдгийг Химийн зэвсгийг хориглох байгууллага 10 дугаар сарын зургааны өдөр батлаж байлаа. Дээжийг шинжлэхэд Навальный холинэстеразын ингибитор шиг үйлчилдэг бодисын нөлөөнд өртсөн гэдэг нь тогтоогдсон байна. Улс төрчийн биеэс олдсон хор Химийн зэвсгийг хориглох байгууллагын хориотой бодисуудын жагсаалтад ороогүй, өөрөөр хэлбэл хорны шинэ төрөл байсан байж болох юм гэж шинжээчид үзэж байв. 

 

Навальныйг хордуулсан гэх дуулиан олон улсын анхаарлыг өнөө хүртэл татсаар байгаа бөгөөд саяхан Bellingcat, The Insider, CNN , Der Spiegel агентлагууд хамтарсан эрэн сурвалжлах нийтлэл гаргасан юм. Энэ нийтлэлд Оросын Холбооны Аюулгүй байдлын албаны Криминалистикийн хүрээлэнгийн халхавчин дор үйл ажиллагаа явуулдаг нууц хэлтсийн найман шуурхай ажилтан Навальныйг хордуулах ажиллагааг гүйцэтгэсэн гэж өгүүлжээ. Эдгээр хүмүүсийн нэгтэй Алексей Навальный утасны дугаар, нэрээ өөрчлөн залгаж, болсон явдлыг ярилцсан тухайгаа Юүтүб дэх сувгаараа дамжуулан мэдээлсэн нь мөн л шуугиан тарьсан юм.

 

Навальный Кремлийг, Кремль түүнийг "агуу ихийн дон"-д буруутгав

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин