Түрээсийн төлбөрөө бууруулсан иргэд, ААН-үүдийн татварын ачаалал буурна
2020-12-25

Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх, эсэхийг нэгдсэн хуралдаан шийдэв. Монгол Улсад коронавирусийн халдварын тохиолдол шинээр нэмэгдэж, халдвар хүн амын дунд тархах эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байна. Иймд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, халдвар тархалтыг хязгаарлах, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар олон нийтийг хамарсан хөл хорио тогтоох, тодорхой үйл ажиллагааг хязгаарлах шийдвэрийг гаргасан. Олон нийтийг хамарсан хөл хорио, хязгаарлалтын улмаас түрээслэгч, түрээслүүлэгчдийн бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл үүсэж, орлого тасалдах, улмаар дотоодын худалдаа, үйлчилгээ хумигдах, эдийн засгийн өсөлт саарах зэрэг эрсдэлүүд үүсэж болзошгүй тул хуулийн төслийг боловсруулжээ. Засгийн газраас санаачилж Улсын Их Хурлаас 2020 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр баталсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуулийн холбогдох заалтуудад өөрчлөлт оруулж, 2020 оны долдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд зах, худалдааны төв болон худалдаа, үйлдвэр, үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр, талбай түрээслүүлсэн албан татвар төлөгч түрээсийн төлбөрөө бууруулсан нь гэрээ болон төлбөрийн баримтаар нотлогдсон тохиолдолд бууруулсан хэмжээгээр түрээсийн орлогод ногдуулах аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт эдлүүлэхээр хуулийн төсөлд тусгасан байна.

 

Хуулийн төсөл батлагдсанаар коронавируст халдварын цар тахлаас үүдэлтэйгээр бизнесийн үйл ажиллагаанд нь хүндрэл учирч буй түрээслэгч түрээсийн төлбөрөө бууруулж иргэд, аж ахуйн нэгжүүдийн түрээсийн төлбөрийн ачаалал буурч, улмаар бизнесийн орчин, эдийн засагт дэмжлэг үзүүлнэ хэмээн төсөл санаачлагч үзжээ. 

 

 Засгийн газраас 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх, эсэхийг шийдвэрлэхээр чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжлэв.

Засгийн газраас коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын урьдчилан төсөөлөх боломжгүй нөхцөл байдал үүсэж, олон нийтийг хамарсан хөл хорио, хязгаарлалтын улмаас иргэд, аж ахуйн нэгжүүд хуулиар ногдуулсан албан татварыг хуульд заасан хугацаанд төлөхөд хүндрэл үүссэн, албан татварын өр, төлбөр хуримтлагдах нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй байгаа тул 2020 оны  есдүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оны долоодугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд ногдуулах татварын алданги, торгуулиас чөлөөлөхөөр хуулийн төслийг боловсруулжээ. Төсвийн байнгын хороо 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцэж, гишүүдийн 64.3 хувийн саналаар дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 67 гишүүний 42 буюу 62.7 хувийн саналаар Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн Улсын Их Хурлын гишүүдийн олонх үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлсэн.

 

Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг алданги, торгуулиас чөлөөлөх хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

 

Энэ өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх, эсэхийг хэлэлцэв. Төсвийн байнгын хороо 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийг хэлэлцэж, үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг 71.4 хувийн саналаар дэмжсэн байна.

 

Монгол Улсын Засгийн газраас Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2020 оны 183 дугаар тогтоолыг баталсан. Уг тогтоолын дагуу 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны долоодугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийн ногдуулж, тайлагнасан боловч хуульд заасан хугацаанд шимтгэл төлөөгүй нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг алданги, торгуулиас чөлөөлөхөөр хуулийн төслийг боловсруулжээ.

    Байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал аж ахуйн нэгж, байгууллагын нийгмийн даатгалын шимтгэлийг хэдэн пунктээр бууруулан тооцвол аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа зогсоолгүй ажлын байраа хадгалан, энэ цаг үеийг эрсдэл багатай даван гарах талаас нь тооцож, асуудалд хандах хэрэгтэй, Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн хөнгөлөлт, чөлөөлөлтийн асуудал үр дүнтэй, эсэх талаар тодорхой мэдээллийг сонсмоор байна, мөн цахилгаан, дулааны үнийг чөлөөлсөн нь аж ахуйн нэгж, байгууллагуудад бодитой дэмжлэг болсонтой адил цаашид үр ашгийг нь сайтар тооцож, хэрэгжүүлэх боломжийг хангаж ажиллах нь зүйтэй гэсэн саналыг гаргажээ.

 

А.Ариунзаяа сайдын танилцуулга, Б.Жавхлан гишүүний танилцуулсан санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Ж.Батжаргал, С.Амарсайхан, С.Ганбаатар нар асуулт асууж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болон Төсвийн байнгын хорооны даргаас хариулт, тайлбар авсан. Төслийн хэлэлцэх, эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, С.Амарсайхан, С.Ганбаатар нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн.  Үргэлжлүүлэн хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 61.2 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

   Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин