Төрийн албан хаагчдаас эх хэлний шалгалт авна
2021-01-04

Украинд төрийн албан хаагчид болон Украины иргэншил авах хүсэлтэй иргэдийн украин хэлний мэдлэгийг шалгах журам батлагджээ. Энэ талаар Украины төрийн хэлний хамгааллын асуудал эрхэлсэн түшмэл Тарас Креминь мэдэгдсэнийг Правда сонин дамжуулсан байна.

 

"Нэн тэргүүнд төрийн алба, тухайлбал сайд, албан тушаалтнууд, төрийн, дүүргийн захиргаа, улсын үйлдвэрүүдийн удирдах албан тушаалд горилж буй этгээдүүд, мэдээж прокурорууд төрөлх хэлний шалгалт өгнө. Өөрөөр хэлбэл төрийн эрх мэдэлтэй холбоотой үйл ажиллагаа эрхэлж буй хүн бүр энэ шалгалтыг өгнө гэсэн үг. Үүнээс гадна Украины иргэншил авах иргэд энэ шалгалтыг өгнө. Гадаад орны иргэд украин хэлний шалгалтыг өгснөөр манай улсын иргэншил авах эрхтэй болох юм" хэмээн тэрбээр тайлбарлажээ. 

 

Өмнө нь Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд багтаж, төрөлх хэлнээс нь илүү орос хэл нэгдүгээрт тавигдах болсон олон орны нэг болох Украин улс ийнхүү төрөлх хэлээ хамгаалах, сэргээх  зорилгоор төрийн албан тушаалтнуудад эх хэлээ мэддэг байх шаардлага тавьж байгаа нь энэ юм. Зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтаж байсан, өдгөө мөн л эх хэлээ хамгаалах тал дээр ихээхэн алхам хийж буй өөр нэгэн улс нь Казахстан юм.

 

Энэ оноос эхлэн Ерөнхийлөгчийн дэргэдэх Төрийн удирдлагын академийн магистратур, докторантурт элсэн ороход төрийн хэлний мэдлэгийн шалгалт өгч, тэнцсэн гэрчилгээтэй байх журам батлагдсан байна. Цаашлаад энэ журам бусад байгууллагуудад ч үйлчлэх аж. 

 

Эх хэлний мэдлэг шалгах зорилгоор "QazaqResmiTest" цахим тестийг анх төрийн албаныханд зориулж боловсруулсан байна. Цахим тест нь насанд хүрэгчдэд зориулагдсан бөгөөд эрдэм шинжилгээ, албан ёсны хэл найруулга, олны өмнө үг хэлэх тохиолдлуудад өгүүлбэрүүдийг хэрхэн зөв сонгон хэлэх, ярилцлага хийх үед асуултуудад зөв хариулах чадвар зэргийг шалгадаг аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ард:
энэ олон жижиг том авилгал авагчдаа цөөлөөчдээ ямарч баялаг бүтээгч биш шантаачлагч хүнд сурталтнуууд хүнцэрнүүд
2021-01-04
ббө:
Бидэнд ямар хамаа байна Украйны улс төр.
2021-01-04