Капитоли дахь үймээний үеэр амиа алдсан эмэгтэй Зэвсэгт хүчинд зүтгэдэг байжээ

Трампыг дэмжигчид Вашингтонд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, улмаар Капитолийн ордныг эзлэн, үймээн үүсгэх үеэр нэг эмэгтэй амиа алдсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Вашингтон: Эсэргүүцэгчдээс нэг хүн амиа алдаж, Байден мэдэгдэл хийв
Фокс Ньюс агентлагийн мэдээлснээр, Конгрессын байранд амиа алдсан эмэгтэй өмнө нь АНУ-ын Агаарын цэргийн хүчинд алба хаадаг байжээ. Түүнийг Эшли Бэббит гэх бөгөөд Калифорни мужийн Сан-Диего хотод амьдардаг байсны дээр АНУ-ын Агаарын цэргийн хүчинд 14 жил алба хаасан байна.
Бэббит өнөөгийн Ерөнхийлөгч Дональд Трампыг тууштай дэмждэг байсан ч Капитолид очих болсон шалтгааныг нь огт ойлгохгүй байна гэж ар гэрийнхэн нь ярьжээ. Трампын дэмжигчид Конгрессын барилгыг эзлэх үеэр Бэббит галт зэвсгийн шарх авсан байна. Улмаар шархадсанаасаа хойш хэдэн цагийн дараа нас баржээ. Урьдчилсан мэдээллээр, Капитолийн цагдаагийн ажилтан эмэгтэйг шархдуулсан байж болзошгүй гэнэ. Энэ хэрэгтэй холбоотойгоор нарийвчилсан мөрдөн шалгалт явуулна гэж Вашингтон хотын дарга Мюриэл Боузер мэдэгджээ.
Вашингтон дахь эсэргүүцэл: Хэн, юу хэлэв
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ