Антониу Гутерриш: 2020 он үхэл, сүйрэл, цөхрөлийн жил байлаа
2021-01-29

Коронавирусийн цар тахлын улмаас дэлхий даяар хоёр сая хүн нас барж, 500 сая хүн ажилгүй болж, харин байгалийн гамшгийн улмаас хүн төрөлхтөнд 210 тэрбум ам.долларын хохирол учирсан гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш мэдэгджээ. Тэрбээр 2020 оныг үхэл, сүйрэл, цөхрөлийн жил хэмээн нэрлэсэн байна. 

 

"2020 он дэлхий даяар аймшигтай жил байлаа. Үхэл, сүйрэл, цөхрөлийн жил болсон. Бид хоёр сая хүнээ алдсаны дотор НҮБ гэсэн манай гэр бүлийн гишүүд ч багтаж байна. Хүний амь нас хохирсон тохиолдол өссөөр л" хэмээн НҮБ-ын Ерөнхий ассамблейн өмнө мэдэгдэл хийхдээ Гутерриш онцолжээ.

 

Мөн эдийн засгийн хор хохирол, тэгш бус байдал нэмэгдсэн хэвээр байгаагийн дээр өлсгөлөн газар авч байгааг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга цохон тэмдэглэлээ. Түүний өгүүлснээр, 500 сая гаруй хүн ажлаа алдаж, "энэ үеийнхэн харж байгаагүй түвшинд ядуурал хүрсэн" хэмээсэн байна.

 

Гутерришийн өгүүлснээр, 2020 онд байгалийн гамшиг 210 тэрбум долларын хохирол учруулж, үнэлж баршгүй хүний амь нас ихээр хохирсон гэнэ. 2021 он "нас баралтаас илааршихад, сүйрлээс бүтээн байгуулалтад, цөхрөлөөс итгэл найдварт шилжих" он болно гэж найдаж байгаагаа тэрбээр илэрхийлсэн байна.

 

НҮБ-ын мэдээллээр, 2020 онд дэлхийн эдийн засаг 4.3 хувиар агшсан байна. Вирусээс үүдэлтэй хямрал сүүлийн 90 жилийн хугацаан дахь хамгийн гүн хямрал хэмээн нэрлэгдэж байгаа юм. НҮБ-ын үнэлгээгээр цар тахал өндөр хөгжилтэй орнуудад илүү цохилт өгсөн бөгөөд энэ нь эдгээр орнууд цар тахал эхлэх үеэр хатуу хөл хорио тогтоож байсантай холбоотой аж.

 

Г.Бямбасүрэн 

Shuud.mn
Сонин хачин