"Гаднын мэргэжилтнүүд ирээд 21 хоног тусгаарлагдах журмыг зөвшөөрдөггүй"
2021-02-02

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ барилгын салбарынхантай уулзалт хийж "Залуус I, II, III" хорооллын ажлын талаар ярилцлаа. 

 

 

Уулзалтад оролсон барилгын компанийн төлөөллүүд коронавирусийн улмаас түүхий эд, материалын суурь өртөг бүх улсад нэмэгдсэн. Валютын ханш тогтворгүй байна. Юанын ханш огцом нэмэгдсэн. Тээврийн асуудал хүндэрсэн. Энэ бүхэн барилгын бараа материалын өртөгт шууд нөлөөлсөн. Тиймээс худалдан авалтыг дэмжихийг шинэ Ерөнхий сайдаас хүсэв.

 

Мөн хөл хорионы дэглэмтэй холбоотой барилгын материалын түгээлтийн хөдөлгөөн, ажилчдыг чөлөөтэй нэвтрүүлэх тал дээр анхаарахыг хүслээ.

 

Тухайлбал барилгын ажил гүйцэтгэхэд гадны мэргэжилтнүүд Монгол Улсад нэвтрүүлж тохиргоо хийлгэх шаардлагатай байдаг. Энэ үйл ажиллагааг боломжтой хувилбараар хэрэгжүүлэхгүй бол гадны мэргэжилтнүүд 21 хоног тусгаарлагдах журмыг зөвшөөрөхгүй байгааг онцлов. 

 

Мөн тус салбарынхан үндэсний үйлдвэрийн хамгийн том дарамт НӨАТ. Коронавирусийн үед маш олон компани НӨАТ-ын өрөнд орсон гэдгийг хэлэв.Тиймд цемент борлуулах үйлдвэрийн салбарын НӨАТ-ыг хоёр хувь болговол маш том дэмжлэг болно гэдгийг уламжлав. 

 

"Тэсо протертис" ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Лхагвадорж "Барилгын өртөгт эзэлдэг хувийн жингээрээ хамгийн том нөлөөтэй зүйл нь барилгын санхүүжилт буюу зээлийн хүү байдаг. Өөрөөр хэлбэл барилгын өртөгт гол нөлөө үзүүлж байгаа зүйл бол зээлийн хүү. Монголбанкнас өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас бодлогын хүүг 6 болгон өөрчилсөн ч бодит салбар дээр энэ өөрчлөлт огт мэдэгдэхгүй байна. Тиймээс барилгын салбарын үйл ажиллагаанд тусгайлан зориулсан банк байгуулж, зээл олгох нь зүйтэй гэдэг саналыг хүргэж байна" гэлээ.

 

Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазар "Хот төлөвлөлт, газар зохион байгуулалт, барилгын зөвшөөрөлтэй холбоотой олон асуудал гардаг. Цаашид энэ асуудлыг цогц шийдлээр сайжруулна. Иргэдээ үнэ багатай, тохилог орон сууцаар хангахад хоёр талаасаа хамтран ажиллана. Үүнд Хотын даргын хувьд бүх талаас нь дэмжинэ. Мөн барилгын компанийн удирдлагуудыг хүлээн авч уулзаж, ярилцана. Улаанбаатар залуус руу хандсан хот байх ёстой. Тэр утгаараа Ерөнхий сайд "Залуус I, II, III" хорооллыг дэмжиж байгаа" гэсэн юм. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Er ni delhiin uls ornuud 14 honog tusgaarlaj bna. Australia lav 4 ba 11 dehi honog deer ni PCR shinjilgee hiij baina lee.
2021-02-02