ШУУД: 34 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ
2021-02-07

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.02.07/ хийлээ.

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-ХӨСҮТ-ийн гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Дорнод, Ховд, Дорноговь аймгийн лаборатори, нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн салбар лабораторид нийт 14978  хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 34 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Шинэ тохиолдлууд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын эхний болон давтан шинжилгээнд халдвар илэрсэн байна. Мөн сайн дурын цэгээр шинжилгээ өгсөн хүмүүсийн шинжилгээнд коронавирус илэрсэн. Ингэснээр Улаанбаатар хотод нийт батлагдсан тохиолдол 1187 болжээ. 

 

Улсын хэмжээнд батлагдсан дотоодын халдвар 1513 байгаа. ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлгээс 14 хүн эдгэрч, гэртээ гарсан байна. Манай улсын нийт батлагдсан тохиолдол 2023 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 1463 байгаа. Өнөөдрийн байдлаар 547 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 461 хүн хөнгөн, хүндэвтэр 80, хүнд 5, маш хүнд 1 хүн байгаа.

 

Үүнээс ХӨСҮТ-д 235 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 1, хүнд 4,  хүндэвтэр 35, хөнгөн 205 хүн бий. Цэргийн төв эмнэлэгт 207 хүн эмчлүүлж байгаа. Үүнээс хөнгөн 162,  хүндэвтэр 44, хүнд 1 хүн эмчлэгдэж байна.  Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт 73 хүн эмчилгээ тандалтад байгаа. УНТЭ-т хүндэвтэр нэг хүн бий.

 

Сүүлийн 24 цагт Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн хорооллуудад өвчлөлийн тохиолдлууд бүртгэгдсэн. Шинээр: 

 

  • Баянгол дүүргийн 5,8,12,20,22,

  • Баянзүрх дүүргийн 5,21,

  • Сүхбаатар дүүргийн 9

  • Сонгинохайрхан дүүргийн 11,20,32,34,41

  • Хан-Уул дүүргийн 4,15,20-р хороонд халдварын тохиолдол бүртгэгдсэн. 

 

Батлагдсан тохиолдол болон ойрын хавьтлын тоо нэмэгдэж байна. Сүүлийн 24 цагт ойрын хавьтлаар 218 хүнийг тусгаарласан. Ингэснээр нийт хяналтад байгаа ойрын хавьтал 958, хоёрдогч хавьтал 4742 болжээ. Хавьтлын тоо нэмэгдэх тусам халдварын тархалтын тоо нэмэгдэнэ гэсэн үг. 

 

Коронавируст халдварын өвчлөл бүртгэгдсэнээс хойш нийт батлагдсан тохиолдлын 40 хувь нь гэр бүлээс, 60 хувь нь ажлын газар, бусад зохион байгуулалттай арга хэмжээ, эмнэлэг, орон сууцны орц, гудамжнаас халдварт өртжээ. Тиймээс анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин