Мьянмар: Цэргийн эргэлтийг эсэргүүцсэн иргэд жагсав
2021-02-08

Хоёрдугаар сарын нэгний өдөр Мьянмарын иргэний засгийн газрыг түлхэн унагасан цэргүүдийн эсрэг олныг хамарсан жагсаал болжээ. Энэ жагсаал тус улсын хэд хэдэн хотод болж өнгөрсөн талаар Irrawaddy  хэвлэл Фейсбүүк хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Мьянмарын нийслэл байсан томоохон хот болох Янгон болон Мандалай хотуудад томоохон жагсаалууд үргэлжилсээр байгаа аж. Эсэргүүцлийн ажиллагаанд олон мянган хүн оролцсон бөгөөд жагсаал тайван болж өнгөрчээ. Жагсаалд оролцогчид цэргийнхнийг төрийн эрхээс буухыг уриалж, иргэний засгийн газрыг эргүүлэн төвхнүүлэхийг шаардаж байгаа гэнэ. 

 

Эсэргүүцлийн арга хэмжээ Мергуи, Мьей, Пхакан хотуудад болсон бөгөөд одоогийн байдлаар зургаан хүнийг Мьявадид баривчилжээ.

 

Янгон хотод болсон Аун Сан Су Жиг суллахыг шаардсан жагсаалд 1988 оны бослогын удирдагчдын нэг идэвхтэн Мин Ко Наин нэгдсэн байна. Тэрбээр олон нийтэд хандан эсэргүүцлээ идэвхжүүлэхийг уриалжээ.

 

Мьянмарт төрийн эргэлт болсон хоёрдугаар сарын эхнээс л эсэргүүцлийн ажиллагаа өрнөж байгаа юм. Эсэргүүцэгчид цэргийнхний эсрэг уриа хашгирч, баривчлагдсан өндөр албан тушаалтнуудыг суллахыг уриалж байгаа аж.

 

Эргэн сануулахад, хоёрдугаар сарын нэгний өдөр цэргийнхэн Мьянмарын Ерөнхийлөгч Вин Мьин болон төрийн зөвлөх Аун Сан Су Жиг баривчилсан юм. Өнгөрсөн оны 11 дүгээр сард цэргийнхний дэмжлэгтэй нам парламентын сонгуульд ялагдсаныг хүлээн зөвшөөрөөгүй цэргийнхэн болон засгийн газрын хооронд олон хоног хурцадмал байдал үүссэний дараа цэргийнхэн ийнхүү төрийн эргэлт хийсэн. Тэд улсынхаа удирдлагуудыг баривчилсны дараа Мьянмарт нэг жилийн хугацаатай онц байдал тогтоон, дэд Ерөнхийлөгч Мьинт Швег түр хугацаанд ерөнхийлөгчөөр томилсон юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин