Оросын хотуудад Навальныйг дэмжсэн флэшмоб болжээ
2021-02-15

Олон улсад дурлалт хосуудын өдөр болгон тэмдэглэдэг Гэгээн Валентины өдрөөр Оросын хотуудад Алексей Навальныйг дэмжигчид "Хайр айдсаас хүчтэй" арга хэмжээ зохион байгуулжээ. 

 

Навальныйн штабын уриалснаар дэмжигчид тодорхой цагт гадаа, хашаандаа гаран утасныхаа гэрлийг асаан зогссон байна. Түүнчлэн лаа зүрхэн хэлбэртэй өрж, асаажээ. "Хайр айдсаас хүчтэй" уриатай энэ арга хэмжээнд хичнээн хүн оролцож, хэдэн газарт болсон талаарх мэдээлэл хараахан гараагүй байна. 

 

Өмнө нь Навальныйн штаб ийм арга хэмжээ зохион байгуулахаар болсон талаараа мэдэгдэхэд Оросын хууль сахиулагчид зөвшөөрөлгүй арга хэмжээ зохион байгуулж, үүнд уриалвал хууль зөрчсөн хэрэг болно гэж сануулж байлаа. Гэхдээ ням гарагт болсон флэшмобийг хууль сахиулагчид тараах, тасалдуулах оролдлого хийгээгүй гэж News.ru мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Комсомольск-на-Амурын оршин суугчид гэрэл, лаа барин Навальныйг дэмжсэн талаараа Твиттер хуудсандаа бичсэн байна. Энэ арга хэмжээнд хүмүүс ихэвчлэн ганцаараа, зарим нь хоёр, гурвуулаа хамт ирж оролцжээ. Харин Хабаровск хотноо ийм арга хэмжээний үеэр ёслолын буудлаг буудуулжээ. 

 

Навальныйн штабын мэдээлснээр Берингийн арлын оршин суугчид ч "Хайр айдсаас хүчтэй" арга хэмжээг зохион байгуулсан бол энэ хөдөлгөөнд Омск, Екатеринбург хотынхон ч нэгджээ. Екатеринбург хотод энэ арга хэмжээнд хотын дарга асан Евгений Ройзман оролцсон гэнэ. 

 

Томск хотноо флэшмобын оролцогчид зүрхэн хэлбэр үүсгэн зогсоцгоосон бол нэгэн орон сууцан дээр "Хайр айдсаас хүчтэй" гэсэн өгүүлбэрийг гэрлээр гаргаж байжээ. Харин Эрхүү хотноо "Эрх чөлөө" гэсэн үгийг гэрлээр дүрсэлсэн байна.

"Эв нэгдэл, хайрын гинжин хэлхээ" арга хэмжээ Москва хотноо өндөрлөжээ. "Цагаан тоолуур"-ын сайн дурынхны мэдээлснээр Москва хотод энэ арга хэмжээнд 235 хүн оролцсон байна. Оросын нийслэлд болсон энэ арга хэмжээ Навальныйн гэргий Юлия Навальная төдийгүй "тайван жагсаалын үеэр зодуулж, дарамтлуулсан бүхий л эмэгтэй улс төрийн хоригдлуудад" зориулжээ. 

 

Эргэн сануулахад, Алексей Навальныйн нэгдүгээр сарын 17-ны өдөр Германаас Орост буцаж ирмэгцээ нисэх буудал дээр баривчлагдсан юм. Түүнийг шүүх хурал хоёрдугаар сарын хоёрны өдөр болж, өмнө нь мөнгө шамшигдуулах зэрэг хэрэгтэй холбоотойгоор түүнд оноосон тэнсэн харгалзах ялыг биеэр эдлүүлэх шийдвэр гаргаснаар Алексей Навальный 2 жил 8 сар хоригдохоор болсон. 

 

Навальныйг саатуулагдсаны дараа нэгдүгээр сарын 23 болон 31-ний өдрүүдэд Оросын олон хотод Навальныйг суллахыг шаардсан олон нийтийн жагсаал болж, энэ үеэр 11 мянга гаруй хүн саатуулагдаж, тэдний ихэнх нь хуулийн хариуцлага хүлээхээр болжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин