Таиланд жуулчдад дарвуулт завь дээр тусгаарлалтад орохыг санал болгож байна
2021-03-10

Таиланд руу ирсэн жуулчид хоёр долоо хоногийн тусгаарлалтыг дарвуулт завь дээр өнгөрүүлэх боломжтой болжээ. Харин тусгай дарвуулт завь түрээслэх боломжгүй жуулчид Пхукетийн эргийн дагуу жижиг хөлөг онгоцуудад тусгаарлагдах өрөө санал болгож байгаа гэнэ.

 

Засгийн газрын тооцоолсноор, энэ нь цар тахлын улмаас уналтад орсон аялал жуулчлалыг сэргээгээд зогсохгүй дарвуулт завины бизнест хоёр тэрбум орчим ам.долларын ашиг авчрах гэнэ. 

 

ВВС агентлагийн мэдээлснээр, дээрх санал коронавирусийн шинжилгээний сөрөг хариутай жуулчдад хамаарах бөгөөд тус улсад шинжилгээний хариу сөрөг гарсан байлаа ч тусгаарлалтад орох журамтай аж. 

 

Засгийн газрын энэхүү хөтөлбөрт 100 орчим дарвуулт завь оролцохоор болжээ. Зорчигчдод тусгай бугуйвч өгөх бөгөөд энэ бугуйвч нь биеийн халуун, даралтыг хэмжиж, байршил тогтоодог тул тогтоосон хугацаанаас өмнө жулчид эрэг дээр гарах боломжгүй болох юм байна. Бугуйвчны мэдээллийг 10 км зайнаас хяналтын алба хянах гэнэ. 

 

Тайланд улс жуулчдын сонирхол татахуйц тусгаарлалтын хэлбэрийг санал болгож байгаа нь анхны тохиолдол биш юм. Нэгдүгээр сард Таиландын эрх баригчид гольф клубүүдэд тусгаарлагдах хөтөлбөр санал болгож байв. Гольфийн талбайнууд ихэвчлэн хүн ам шигүү суурьшсан газруудаас хол оршдог, өргөн уудам нутаг дэвсгэртэй, клубууд хувийн байшингууд түрээслэдэг аж.

 

Энд дуулгахад, аялал жуулчлал бол Таиландын эдийн засгийн орлогын гол эх үүсвэр юм. Цар тахлын улмаас нислэг цуцлагдсан нь ихэнх нь жуулчлалын салбарт ажилладаг хүн амын орлого, амьдралд эрс нөлөөлсөн байна.

 

Коронавирусийн цар тахлаас өмнө Таиландад өдөр бүр 40-50 мянган жуулчин ирдэг байсан бол өнгөрсөн оны гуравдугаар сард тус улс хилээ бүрэн хааж, харин 10 дугаар сараас хилээ хязгаарлалттайгаар нээж эхэлсэн юм. Гэсэн ч өнөөдрийг хүртэл тус улс руу өдөрт орж ирэх жуулчин зуугаар л хэмжигдэж байгаа нь аялал жуулчлалыг дэмжихэд нэн бага үзүүлэлт аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин