ЦАР ТАХАЛ: Дэлхий "хорионд" ороод 1 жил болов
2021-03-11

Одоогоос яг нэг жилийн өмнө буюу 2020 оны гуравдугаар сарын 11-ний өдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирусийн халдварыг "ЦАР ТАХАЛ" хэмээн зарлаж байв. Тэр үеэс хойш бүтэн нэг жил өнгөрөв. Жуулчид аялах, хөгжөөн дэмжигчид уралдаан үзэх, хүмүүс найзуудтайгаа уулзах боломжоо алдлаа. Гэхдээ энэ нь коронавирусийн улмаас хязгаарласан үйл ажиллагаануудын ердөө өчүүхэн хэсэг нь юм. Цар тахал нүүрлэсэн нэг жилийн хугацаанд халдварын тохиолдол 118 мянгаас 118 сая хүртэл нэмэгдэж, 100 дахин өсөв. 

 

Жуулчид орохыг хориглоно

 

Өнгөрсөн оны гуравдугаар сар гэхэд л 100 орчим орон коронавирусийн халдварын улмаас хилээ хаасан байв.Тухайн үед Их Британи, Швейцар зэрэг орны хил нээлттэй байсан бөгөөд харин үүнийх нь төлөө ард түмэн нь эрх баригчдаа буруутгаж байлаа. Харин өнөөдөр цөөн тооны улс хилээ нээж, тодорхой хязгаарлалтуудтайгаар жуулчдыг хүлээн авахад бэлэн гэдгээ зарлаж байна. 

 

Цар тахлын улмаас дэлхийн зөвхөн аялал жуулчлалын салбар гэхэд 1.3 их наяд долларын хохирол амссан гэж НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгуулагын шинжээчид тооцоолжээ. 

 

Халдварын улмаас хамгийн хатуу хөл хориог хэрэгжүүлсэн анхны улс нь БНХАУ байлаа. АНУ үүнийг шүүмжилж байсан ч дотоодод нь халдвар тархсаны дараа Хятадын аргыг хэрэглэхээс өөр зам байсангүй.

 

Коронавирусийн агуу их хямрал

 Коронавирусийн халдварын цар тахал бизнесийнхнийг дампуурлын ирмэг дээр аваачив. Гоо сайхны салон, кинотеатр, зочид буудал, спорт танхим зэрэг төрөл бүрийн бизнес эрхлэгчид ихээхэн хохирол амссан юм.  

 

Цар тахал эдийн засагт өгсөн цохилт нь 1930-аад оны Их  хямралын үеэс хойших хамгийн том хямрал байсан гэж эдийн засагт онцолжээ.

 

Амны хаалт амьдралын салшгүй хэсэг 

 

Амны хаалт хүн бүрийн амьдралын салшгүй хэсэг, цар тахлын бэлгэдэл болов. Испани, Калифорнийн наран шарлагын газруудад гадаа ч амны хаалт зүүх журам гарсан. Халдвар эрчимтэй тархаж эхлэх үед амны хаалтны ач холбогдлыг олон улсад төдийлөн ойшоохгүй байсан бол цар тахал хүрээгээ тэлэхийн хэрээр улс орнууд амны хаалт зайлшгүй зүүх журам гаргаж, улмаар энэ оны эхнээс Европын зарим орон тусгай зориулалтын шүүлтүүртэй амны хаалт зүүхийг шаардаж эхэлсэн юм. 

 

Амны хаалтны хэрэглээ нэмэгдэхийн хэрээр энэ бүтээгдэхүүний эрэлт эрс нэмэгдэж, манай оронд гэхэд л нэг удаагийн амны хаалтны үнэ 2-3 дахин өсч, Хятадад зөвхөн амны хаалт үйлдвэрлэх жижиг үйлдвэрүүд асар олноор нээгдэж байв. Ингээд ердөө жилийн дотор дэлхийн нийт эрэлтээс 10 дахин их хэмжээний бараа нийлүүлэх үйлдвэрүүд олноор байгуулагдан, бүтээгдэхүүний илүүдэл гарсны улмаас Хятадын энэ төрлийн үйлдвэрүүдийн 90 хувь нь  хаагджээ. 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин