№56: Амьдрал дайсан АВТОБУС
2021-03-19

-Ах аа, яг наанаас чинь гоё орно. Дахиад жаахан хүчтэй, ах аа

 

-Өө орчихлоо. За ёстой их баярлалаа, танд.

 

Гэрэл зургийг Feelings by tulgaa skizz хуудсаас ашиглав

 

Зүүнсалаа-Халдвартын автобусны хаалга хаагдахгүй гацчихаад хоёр буудал газар салхи үлээлгэн давхив. Хөтөлийн буудал дээр ирж зогсоход урд хаалгаар буухаар зүтгэсэн настайвтар эрээс жолооч тусламж хүссэн нь энэ.

 

Бас будилуу жолооч маань өглөө Улаанхуаран гэсэн хаягаа Зүүнсалаагаар солихоо мартаад хөдөлжээ. Буудал дээр зогсох бүрт “Энэ хаа хүрэх автобус вэ” гэх асуулттай таарч сүүлдээ ч “Уншиж чаддаггүй хүмүүс юм байх даа” гэж гайхан үглэж явлаа, манай жолооч. Колонкийн буудлаас суусан нэг залуугаас “Автобусны хаяг Улаанхуаран гэж байна уу” гэж лавласнаар сая хаягаа солилгүй давхиж яваагаа мэдэв. Үүний дараа буудал дээр зогсох болгонд хүн бүрт хандан “Зүүнсалаа, 48 шүү” гэж эелдэг, уриалгахан хэлсээр эцсийн буудал хүрсэн жолооч хархүүгээс соёл ханхийв. Бас залуу хүн байсан нь Монгол Улсын тээвэрчдийн залгамж халааг их л гоёор өнгөлөөд амжлаа.

 

Автобусанд амьдрал ахуй, нөхөр хүүхэд, хоол унд, цалин мөнгө гээд яригдахгүй сэдэв үгүй. Бас хосууд үнсэлцэнэ, ах нар хугас юм тойруулна. Хэн нэгэн хамгийн арын суудалд шигдээд хаашаа ч юм зурвас илгээж хариуг хүлээж баахан догдлох бол хажууханд нь нөхөртөө гомдсон эмэгтэйн итгэл тасраагүй яриа ч өнгө сүлээд ороод ирнэ.

 

- Яагаад байн байн залгаад байгаа юм. Битгий залгаад бай. Чиний наад муухай зан чинь засрахгүй юм байна. Надаас холдоод, салаад өг /гэсэн хэрнээ л байн байн залгах бүрт нь утсаа авах нь эгчийн сэтгэлд хайр байгааг илтгэнэ/

 

Ганц нэг нь ном уншина. Сандал, суудалгүй, шахцалдсан чихцэлдсэн байсан ч нэг гарааараа бариулаас зүүгдээд нөгөө гараараа номоо барьж өвдөг дээрээ тогтоогоод уншиж яваа залуутай таарсан. Тийм орчинд тэгтлээ хичээнгүйлэн уншиж яваа залуу үед “Хүү минь ийшээ ирээд суу. Эмээ нь одоо буулаа” гээд өндийх өтөл настнаас хүндлэл, хайр асгарчихна. Ингээд л автобус маань гуниг, жаргалын аль алийг дайгаад хотын төвөөс гэр хороолол, гэр хорооллоос хотын төв хооронд өдрийн хэд жирийлгэнэ.

 

Ажил тараад коронавирусийн PCR шинжилгээ өгөхөөр 67 дугаар сургуулийг зорилоо. Хашаа дүүрэн дараалал үүсчээ. Энэ дундаас бас л амьдрал сэнхийнэ.

 

-Чи мөнгөө цуглуулж байгаад зурагт аваач ээ. Бас угаалгын машин авахгүй юу. За танай гэрийн бүрээс гайгүй хямдхан биз дээ. Надаас авах 60 мянгаараа бүрээс авахгүй юу гэж өсгийтэй гуталдаа баахан түүртсэн бүсгүй утсаар ярина. Тэр өнөөдөр мөнгөтэй байгаа бололтой. Дахин эхлүүлсэн дуудлагын төгсгөлд “За дансаа явуулчих, би 10 мянган төгрөг шилжүүлье” гэв.

 

Өөр нэг бүхнийг зохицуулдаг байрын ахимаг насны эмэгтэй “Маргааш ломбардаас гинжээ авмаар байдаг. Паспорт чамд байгаа биз дээ, яах вэ. Ганаагийн цалин буух болоогүй юу” гэж зогсоно. Гадаа хүйтэн тул бүгд л хөлөө савчаастай. Миний урд зогссон гүндүүгүй эр хавийн хүнтэй яриа өдөж, танилцаад л юу хамаагүй сэдвээр хамж шимэн ярьж зогсоно.

 

-Хужаагийн вакцин өөдтэй юм биш л байгаа. Шинжилгээ өгөөд хариугаа авчихаад зун болтол хөдөө арилаад өгнө өө амар.

 

-Надад хоёр юнителийн дугаар байгаа. Төлбөрөө төлөөд хаяна. Сард зуун мянган төгрөг төлдөг. Дата нь гацаад хэрэг байхгүй гэж хэрэглэгчийн гомдол гаргаж үзлээ. Тэгснээ:

 

-Би Дарханы замд ажилладаг юм. Тэнд  том машин барьдаг. Хятад инженерүүд ирчихсэн, одоо ажил эхэлж байгаа. Тэнд чинь бүгд Хятадын компани шүү дээ гэж үзэл суртал гаргаад ч амжив. Гэнэтхэн

 

-Өглөө цайгаа уугаагүй гараад ирсэн өлсөөд байна. Би чиний ард байгаа шүү, оочер хадгалж байгаарай. Гялс дэлгүүр яваад ирье. Өлсөөд уналаа гээд гарч одов.

 

Удалгүй ундаа, ширхэг зайдас авчраад шатан дээр хөлөө жийж суугаад хээв нэг таатай нь аргагүй идэж, уулаа. Энэ лагс ах шинжилгээ өгөх хүртэл тасралтгүй ярьсаар урт дарааллыг хөгжилдсөөр дуусгалаа. 

 

Би Өвөрхангайнх, 86 оных

 

Та чинь тэгээд яасан 76 оных юм шиг царай юм бэ гэж явуулбал хүд хүдхийтэл инээж л байх.

 

Тасралтгүй ярьсаар байсан том эр шинжилгээ өгөхийн дөнгөж өмнө ирээд дуугаа хураачихлаа.  Тэгснээ араас дуудаад асууж байна.

 

-Чи гурав өгсөн гэсэн үү. Энэ чинь өвдөхгүй юм байгаа биз дээ. Ахыг бүр явуулмаар санагдаад “Их өвдөнө дөө ах аа, би дээр тэсэхгүй уйлсан” гэхэд үнэнээсээ итгэчихсэн “Яана аа” гээд толгой сэгсрэх нь хүүхэд ээ, хүүхэд.

 

Хувь тохиол гэх үү, хэд хоногийн дараа ахтай автобусны буудал дээр дахиад таарлаа. Ах халамцуу жийж явна. Намайг хараад сүйд л болж байна. “Шинжилгээний хариу гарахгүй юм. Чинийх гарсан уу. Хөдөө явах юм сан. Ахын хөөрхөн дүү, хоёулаа нэг сэлфидье” гээд гар утсаа гаргаж ирээд өнцөгөө ч олж амжааагүй байхад дараад орхилоо. Тэгснээ “Ах нь жаахан уучихлаа, уучлаарай. За дүү дараа уулзъя. Миний дүү сэргэлэн, цоглог, гоё дүү шүү” гэж тэвэрч аваад дал мөрөн дээр алгадав.

 

Хэзээ бид хоёр ийм дотно ах, дүүс боллоо гэж бодохийн зэрэгцээ ах зам гарч энд тэнд гишгэлээд алга боллоо. Хүүхдээрээ "хөгширч" үнэнээрээ амьдарч яваа ийм нэг гудиггүй ах нар харахад хэнийг ч барьж аваад зодчихмоор бүдүүн, хатуу. Харин дотор нь хамаг л сайн сайхан нуугдчихсан явдаг гоё.

 

Утасны дугаарыг маань ч мэдэхгүй хэр нь дараа уулзъя л гэж авч байна. Тээврийн жолооч ахын алтан шар зам нь үргэлж санамсаргүй учрал, санаандгүй тусаар дүүрэн явдаг болохоор тэр биз. Энэ хүрээд автобус тэмдэглэлээ дуусгаж байна. Ирэх өдрүүдэд эргэн уулзъя.

 

НИЙТЛЭЛЧ: ТҮМНИЙ НЭГ

 

Өмнөхийг ЭНДЭЭС унших боломжтой.

Shuud.mn
Сонин хачин
zochin:
goy2
2021-03-19