COVID-19: Бразилд хоногт бүртгэгдсэн нас баралт дахин дээд хэмжээнд хүрэв
2021-04-09

Бразилд коронавирусийн халдварын хүндрэлийн улмаас өнгөрсөн хоногт 4249 хүн нас барснаар нийт нас баралт 345 025 болсон талаар Бразилын Эрүүл мэндийн яам мэдэгджээ. 

 

Сүүлийн 24 цагт коронавирусийн халдварын тохиолдолд 86 652 бүртгэгдсэнээр халдварын нийт тохиолдол 13 саяыг давжээ. Гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын гуравны өдрийн хооронд долоо хоногийн хугацаанд халдварын тохиолдол 463 235 бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 77 мянгаар өссөн үзүүлэлт аж. Харин энэ хугацаанд нийт 19 643 хүн нас барсан нь цар тахал дэгдсэнээс хойших хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож байгаа юм байна.

 

2021 оны гуравдугаар сар Бразилын түүхэнд хамгийн их хүн нас барсан сар гэж тэмдэглэгдсэн юм. Гэсэн ч энэ сард байдал улам дордох бололтой. Латин Америк дахь вирус судлалын салбарын хамгийн нэр хүнд бүхий хүрээлэнгүүдийн нэг болох Освалдо Крузийн нэрэмжит сангийн мэргэжилтнүүдийн гаргасан тайланд дурдсанаар коронавирус Бразилын нутаг дэвсгэр даяар маш эрчтэй тархсан хэвээр байгаа гэнэ.

 

Коронавирусийн халдварын хүндрэлээс үүдэлтэй нас баралт 2 хувь байсан бол өнгөрсөн оны сүүлээр энэ үзүүлэлт 4.2 хувь болтлоо өсчээ. Нас баралт ийнхүү өссөн нь өнөөгийн нөхцөлд эрүүл мэндийн систем шуурхай ажиллаж чадахгүй, хүнд өвчний тохиолдлыг нарийвчлан оношилж чадахгүй байгаагийн дээр эмчилгээний боломж хязгаарлагдмал байгаатай холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин