Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тавигдах ТУСГАЙ ШААРДЛАГА
2021-04-14

Ерөнхийлөгчийн сонгууль болоход хоёр сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Ерөнхийлөгчийн сонгуульд парламентад суудалтай улс төрийн хүчнүүд өрсөлддөг. УИХ-ын 2020 оны сонгуулиар бүрдсэн энэ парламентад  МАН, АН, МАХН, “Зөв хүн-элекотрат” эвслээс Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжтой. Парламентад суудалтай намууд их хурлаа хийж, нэр дэвшигчээ тодруулна. Ерөнхийлөгчийн сонгуулийн цаг хугацааны хуваариар нэр дэвшүүлэх ажиллагаа дөрөвдүгээр сарын 30-наас эхэлнэ. Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн санал хураалт зургадугаар сарын 9-нд явагдах юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил ид явагдаж байна. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд явагдахаараа онцлогтой. Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй” гэсэн заалттай.

 

Эрх баригч хүчин МАН-аас намын дарга У.Хүрэлсүх нэр дэвшин өрсөлдөх нь тодорхой болоод байгаа. Харин сөрөг хүчин АН-ын тухайд Ерөнхийлөгчид нэр дэвшигч бус намын даргын асуудал нэгдүгээрт тавигдаад байна. Учир нь тус нам хоёр дарга, хоёр тамгатай болоод байгаа. Намын даргыг сонгох сонгуульд цахим санал хураалтаар НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат олонхийн санал авсан. Тиймээс АН-ын дарга С.Эрдэнэ М.Тулгатад намын даргын тамгаа шилжүүлэн өгч, хуулийн дагуу Дээд шүүхэд бүртгүүлэхээр хандаад байгаа. Нөгөө талаас цаасан санал хураалтаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл гишүүдийн олонхийн санал авсан. АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан нар О.Цогтгэрэлийг АН-ын даргаар хүлээн зөвшөөрүүлэхээр мөн л Дээд шүүхэд холбогдох баримт материалаа хүргүүлээд байгаа. Тиймээс АН-ын даргаар хэнийг “сонгох” нь УДШ-ийн шийдэх асуудал болоод байна. АН-ын даргаар хэнийг батламжлахаар Ерөнхийлөгчид хэнийг нэр дэвшүүлэх нь тодорно.

 

Одооогийн Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр дахин нэр дэвших эрх нь нээлттэй эсэхийг ҮХЦ шийдвэрлэнэ. Тиймээс эхний ээлжинд АН-ын дарга хэн байхаас бус ҮХЦ-ийн шийдвэрээс Ерөнхийлөгч Х.Баттулгын дахин нэр дэвших эсэх шийдэгдэх хуулийн хайлчилбарт байгаа юм.

 

Парламентад суудалтай гуравдагч хүчин МАХН-ын тухайд намынх дарга Н.Энхбаяр нэр дэвших эрхгүйг хуулийн байгууллага эртнээс мэдэгдсэн. Тиймээс тус намын дэд дарга С.Ганбаатар нэр дэвших нь нээлттэй ч намын даргатайгаа санал нэгдэж, тохироонд хүрсэн эсэх нь тодорхойгүй байна. Харин “Зөв хүн-элекрат” эвсэл “Ерөнхийлөгчөө захиалъя” гэсэн санал асуулгыг явуулж байгаа. Тус эвслийн тухайд мөн л хэнийг нэр дэвшүүлэх нь эргэлзээгүй,  парламентад суудалтай аль нэг улс төрийн хүчнийг дэмжиж сонгуульд оролцох магадлалтай гэж зарим улстөрчид үзэж байна.

 

Ийнхүү Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа ердөө 15 хоногийн дараагаас эхэлнэ. Энэ хугацаанд хуулийн заалттай холбоотой эргэлзээтэй асуудлууд бүрэн шийдвэрлэгдэх биз. Харин хатуу хөл хориотой  хэдий ч парламентад суудалтай улс төрийн намууд нэр дэвшигчээ тодруулахаар ирэх өдрүүдэд ширүүхэн өрсөлдөх нь. 

 

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар нэр дэвшигч хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

 

  • Банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөргүй байх;

  • Татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх;

  • Сэтгэцийн эмгэггүй байх.

  • Нэр дэвшигч дараах ажил, албан тушаал эрхэлж байгаа бол ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө, ээлжит бус, дахин сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна:

  • Төрийн жинхэнэ албан хаагч;

  • Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан;    

  • Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал;

  • Засгийн газраас байгуулсан хамтын удирдлагын байгууллагын орон тооны болон орон тооны бус гишүүн.

  • Нэг намын гишүүнийг өөр намаас, намууд хамтарсан тохиолдолд тухайн эвслээс өөр намын гишүүнийг нэр дэвшүүлэхийг хориглоно.

  • Эрүүгийн гэмт хэрэг үйлдэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа хүн нэр дэвшихийг хориглоно.

  • Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно.

Н.Энхлэн 

Shuud.mn
Сонин хачин
Deed bolovsroltoi 2 oos dooshgui gadaad helni bichgin bolon yariani chadvartai dipolmat yos zuin chadamjtai mongol ulsin tuluu zohiloh zurhtei baih tiim huniig l songomoor bna shuu
2021-04-26
Монгол:
Дээд боловсролтой буюу магистр түүнээс дээш боловсролын зэрэгтэй гэж зааж өгмөөр байна. Арай ч дунд боловсролтой хүмүүсээр төр бариулдаг улс орон баймааргүй байна.
2021-04-14