Хүүхэд тоглож наадах нь чухал уу, эрүүл байх нь эрхэм үү
2021-04-19

Сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдвараар хүүхдүүд өвдөх нь эрс нэмэгдсэнийг ХӨСҮТ-өөс мэдээлж байна. Өнөөдрийн байдлаар 4412 хүүхэд халдвараар өвчилсөн бөгөөд нийт батлагдсан тохиолдлын 20 хувийг эзэлж байгаа. Тухайлбал

  • 0-4 насны хүүхэд 23,4 хувь

  • 5-9 насны хүүхэд 31,9 хувь

  • 10-14 насны хүүхэд 30,7 хувь 

  • 15-18 насны хүүхэд 14 хувийг эзэлж байна. 

 

 

Хүүхдийн биеийн хүндрэл харьцангуй бага байгаа ч хүндэрсэн тохиолдолд зүрх судас, бөөр, мэдрэлийн эд эсийг гэмтээх эрсдэлтэйг ЭМЯ-ны  газрын дарга Л.Энхсайхан хэлж байна. Магадгүй насан туршийн эмгэгтэй болох эхлэл ч тавигдаж магадгүй нь. 

 

Тэгэхээр эцэг эхчүүдийн хариуцлагын асуудал өндөр түвшинд яригдах нь. Дулааны улирал ирсэн, хүүхэд агаар салхинд тоглох шаардлагатайг хэн хүнгүй ойлгож буй. Гэхдээ хүүхэд тоглож салхилах нь чухал уу, эрүүл байх нь эрхэм үү гэдгийн хариултыг эцэг эхчүүд бусдаар хэлүүлэх шаардлагагүй. Хүүхдүүд тоглоомын талбайд олноороо цугларч байгаа нь халдварын эх үүсвэр болж, тараагч болох эрсдэлтэй байгааг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр сануулж буй. Мөн олон нийтийн сүлжээнд эцэг эхчүүд хүүхэд нь тоглоомын талбайд тоглож байгаад халдвар авсан тухай бичсэн пост ч цөөнгүй байна. 

 

Нийслэлийн хэмжээнд хатуу хөл хорио үргэлжилж байна. Улсын онцгой комиссоос хатуу хөл хорионы хугацаанд гэрийнхээ ойролцоо агаар салхинд гарч болно гэсэн. Гэхдээ нэг дор 5-аас доошгүй хүн хэмээн тодотгосоныг иргэн та санаж буй аж. Өөрөөр хэлбэл гэр бүлийн 5 хүртэлх хүн нэг дор байж болно. Бусад тохиолдолд олон хүнээс зайгаа барь гэдгийг сануулсан. Харин одоо хүүхдүүд тоглоомын талбайд хэдэн арваараа цуглаж, өдөржин тоглож наадаж байна.

 

Энд эцэг эхчийн хариуцлага хамгаас чухал. Та хүүхдээ олон хүнтэй газраас хол байлгах, түүнийг харж хандах, харгалзах үүрэгтэй. Гэтэл агаар салхинд гарч болно гэсэн, хүүхэд тоглох ёстой хэмээн сул задгай орхисноос хүүхдүүд халдвар авч, эрүүл мэнд, амь нас нь эрсдэх нөхцөл байдал үүсээд байна. 

 

Өмнө нь томчууд халдварын эх үүсвэр, тараагч болж байсан бол энэ удаа хүүхэд энэ эрсдэлийг үүрч байна. Тэд аливаа зүйлийн учрыг ухаж ойлгохгүй байж болно. Тиймээс эцэг эхчүүдийн анхаарал халамж хамгаас чухал байна. Хүүхдээ олон хүнтэй газраас хол байлгаж, эрүүл мэндийг нь эрхэмлэнэ үү, ээж аавууд аа. Коронавирусийн халдвар өдөрт 1000 даван илэрч, нас баралт ч нэмэгдсээр байгаа хэцүү цаг хугацаа гэдгийг ухаарна уу.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
НӨГӨӨ АРД ТҮМЭН ГЭЭД БАЙДАГ ДҮҮРЭГ, НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД, ЗАСАГ ДАРГА НАР ХАЙЧАА ВЭ? ХААЛТАА НЭЭГЭЭД ОРЖ ИРЦГЭЭСЭН, ОДОО ХААЛТАА ХААГААД ЗУГАТААЦГААСАН УУ ТА НАР АЙН
2021-04-19