Ж.Байгалмаа: Халдвар аваад эдгэрсэн хүмүүс дахин шинжилгээ өгөх шаардлагагүй
2021-04-20

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.04.20/ хийлээ. Хэвлэлийн хуралд ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр, ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа нарын албаны хүмүүс оролцож, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

 

-Коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүмүүс дахин шинжилгээ өгөх шаардлагатай юу? Орон нутагт зорчих болон албан байгууллагад нэвтрэхэд зайлшгүй шинжилгээтэй байхыг шаардаж байна?

 

ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа:

 

-Халдвар аваад эдгэрсэн хүмүүс дахин шинжилгээ өгөх шаардлагагүй. Тухайн байгууллага халдвар аваад эдгэрсэн хүмүүсийг ажилд нь буцааж оруулахдаа шинжилгээ нэхэхгүй байх хэрэгтэй.  Халдвар аваад эдгэрсэн хүн нь эмнэлэгт эмчлэгдэж байсан бол тухайн хэвтэн эмчлүүлж байсан эмнэлгээсээ "эдгэрсэн" гэсэн магадлагаа авна. Гэрээр тусгаарлагдаж байсан бол харьяа дүүргийнхээ өрхийн эмчээс магадлагаа авна. 

 

ХӨСҮТ-ийн ачаалал ямар байна вэ? 

 

-Дүүргийн болон хувийн хэвшлийн эмнэлгүүдэд ор дэлгэсэн. Учир нь тохиолдлын тоо болон хүнд, нэн хүнд хүмүүсийн тоо нэмэгдлээ. ЭМЯ-наас тухайн ор дэлгэсэн эмнэлгүүддээ  нэн хүнд, хүнд хүмүүсийг авах зохицуулалт хийж ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 28 хүнд, 7 нэн хүнд хүмүүсийг эмчилж байгаа. 

 

Shuud.mn
Сонин хачин