Британи цар тахлыг сөрөн зогсох олон улсын бүлэг байгуулна
2021-04-20

Шинэ цар тахлуудыг үр дүнтэй сөрөн зогсох асуудлаарх олон улсын шинжээчдийн бүлэг байгуулж байгаа талаараа Их Британи зарласныг Ройтерс агентлаг дамжууллаа.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Долоогийн бүлгийн ивээл дор байгуулагдсан Цар тахалд үзүүлэх бэлэн байдлыг хангах Түншлэлийн хүрээнд зургадугаар сард болох G7 бүлгийн орнуудын төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалтан дээр шинэ вирусүүдийн эсрэг вакцинуудыг 100 өдрийн дотор боловсруулан гаргах зорилгод хэрхэн хүрэх талаарх зөвлөмжүүдийг гаргах гэнэ.

 

"Коронавирусээс илүү сайн хамгаалагдах, ирээдүйд дэлхий даяар гарч болзошгүй цар тахалд бэлэн байх байдлыг бэхжүүлэхийн тулд Их Британи түншүүдтэйгээ хамтран ажиллахаар бүрэн шийдсэн. Энэхүү шинэ шинжээчийн бүлэг нь олон жилийн туршид дэлхийн өнцөг булан бүрт гарч болзошгүй шинэ өвчнүүдээс бидний хүчин чармайлтын ачаар хүмүүсийг хамгаалахад дэмжлэг үзүүлсээр байх болно" хэмээн Британийн Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок мэдэгджээ.

 

Шинжээчийн бүлгийн ажлыг Британийн Засгийн газрын эрдэм шинжилгээний ахлах зөвлөх Патрик Валланс удирдаж, АстраЗенека, Пфайзер, Жонсон энд Жонсон зэрэг эмзүйн компаниудын удирдлагууд үйл ажиллагаанд нь оролцох аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин