Дипломат дайн: Чех Оросын ЭСЯ-ны ажилтнуудын тоог багасгана
2021-04-23

АНУ Оросын эсрэг хориг тавин, дипломатуудыг нь хөөн гаргасны дараа Польш, Чех улсууд даган, Оросын дипломатуудыг "тааламжгүй этгээд" хэмээн зарласан юм. Чех улс Оросын 18 дипломатыг хөөн гаргасны хариуд ОХУ Чехийн 20 дипломатыг гаргаж, Москвад ердөө 5 дипломат үлдээсэн. Үүний хариуд Чех улс Оросын ЭСЯ-ны ажилтнуудын тоог дахин бууруулна гэж мэдэгдэж байлаа. 

 

Чех энэ асуудалтай холбоотой шийдвэрээ гаргасан байна. Тодруулбал, энэ оны тавдугаар сарын сүүл гэхэд Прага дахь Оросын ЭСЯ-ны ажилтнуудын тоог Москва дахь ЭСЯ-ны ажилтнуудын тоотой тэнцүү байхаар бууруулна гэж Чехийн гадаад хэргийн сайд мэдэгджээ.

 

"Бид Прага дахь Оросын дипломат төлөөлөгчийн газар дахь дипломатуудын тоог Москва дахь манай ЭСЯ-ны ажилтнуудын тоотой тэнцүүгээр хязгаарлах шийдвэр гаргасан. Өнөөдрөөс энэ шийдвэр хүчин төгөлдөр үйлчилнэ. Гэхдээ Орос улсад тавдугаар сарын сүүл хүртэл хүмүүсээ эргүүлэн татах хугацаа өгсөн" хэмээн Чехийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ.

 

Чехийн Гадаад хэргийн яамны мэдээлснээр, Прага дахь Оросын ЭСЯ-нд одоогийн байдлаар 27 дипломат, 67 арын албан ажилтнууд байгаа бол Москва дахь Чехийн ЭСЯ-д 5 дипломат, 19 арын албаны ажилтан байгаа гэнэ. 

Чех улс Оросоос нөхөн төлбөр шаардахаар бэлдэж байна

Москва, Прагын хооронд 1968 он эргэн ирэв

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин