Хөл хориог дахин сунгах нь эрүүл мэндийн салбарт үзүүлж байгаа хамгийн том дэм
2021-04-23

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.04.23/ хийлээ. Хэвлэлийн хуралд  ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр, ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын дарга Б. Буянтогтох оролцож, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

 

Эмнэлгийн тусламж үйлчилгээний ачаалал ямар байна вэ?

 

ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын дарга Б. Буянтогтох:

 

-Эмнэлгийн тусламж өндөр ачаалалтай байна. Эрүүл мэндийн байгууллагууд хуваарийн дагуу тусламж үйлчилгээгээ үзүүлж байгаа.

 

Хатуу хөл хорионы үр дүн, эмнэлгийн тусламж үйлчилгээнд хэрхэн нөлөөлсөн бэ?

 

-Өдрөөс өдөрт тохиолдлын тоо нэмэгдсэн хэвээр байлаа. Хэрэв хөл хорио тогтоогоогүй байсан бол тохиолдлын тоо хэд хүрэх байсан бэ гэж бодож үзэх хэрэгтэй. Тархвар судлаачдын үзэж буйгаар хөл хорио тогтоогоогүй байсан бол өдөрт 31 мянга хүрч бүртгэгдэх тооцоолол гаргасан байсан. Халдварыг тогтвортой нэг түвшинд барих нь хөл хорионы ач холбогдол гэж ойлгох ёстой. Гэсэн хэдий ч өнөөдөр 1000 гаруй тохиолдол гарч байгаа нь өндөр ачаалал өгсөн хэвээр байна. Энэ удаагийн хөл хорио халдварыг нэг түвшинд барьж чадсан үр дүнд хүрсэн гэж ойлгож болно. Гэсэн хэдий ч энэ нь хангалттай түвшинд байж чадсангүй.

 

Хөл хорио сунгах эсэх асуудалд ямар байр суурьтай байна вэ?

 

-Хөл хориог цуцлах шалгуур үзүүлэлт бий. Үүний зарим нь эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой заалтууд байдаг. Жишээлбэл, эмнэлэгт хэвтэж байгаа хүний тоо хөл хорионы төгсгөлд буурсан байх ёстой. Энэ удаа буурсангүй. Өндөр хэвээр байлаа. Нэн хүнд хүмүүсийн тоо буурсан байх ёстой. Өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа. Нас баралтын тоо буурсан байх ёстой ч өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээ талаасаа харвал хөл хориог сулруулах шалгуур үзүүлэлт  хангаагүй гэж үзэж байгаа. Хэрэв хөл хориог дахин сунгавал эрүүл мэндийн салбарт үзүүлж  байгаа хамгийн том дэм гэж хэлж болно. Хөл хорио тогтоосноор тархалтын тоо 100 хувь байхгүй болгоно гэж бодож байх шиг байна. Ийм бололцоо байхгүй. Тодорхой түвшинд бууруулж, бариад, вакцинжуулалтын ажлаа эрчимжүүлж хийх нь хөл хорионы ач холбогдол гэж харж болно.

 

Нас баралт ямар байна вэ?

 

-Нас баралт нь халдвар тарсны дараа 2-4 долоо хоногийн дараа гарч ирдэг. Өнөөдрийн нас баралтууд 2-4 долоо хоногийн өмнө халдвар авсан хүмүүсийн дунд элбэг байна. Одоогийн байдлаар нийт нас баралтын ихэнх нь эмнэлэгт, 20 хувь нь гэрийн нас баралт бүртгэгджээ. Гэрийн нас баралт нь шинж тэмдэг илэрсэн хэдий ч эмнэлгийн байгууллагад хожуу хандсан асуудал гарч байна. Энэ үед ямар нэгэн амьсгалын замын халдварын шинж тэмдэг илэрвэл хамгийн түрүүнд коронавирусийн талаар бодох хэрэгтэй.

 

М.Насан

 

Shuud.mn
Сонин хачин