Эхний тунгаа тариулаад 21 хоног болсон л бол хоёр дахь вакцинд нь хамруулна
2021-04-23

 

Өчигдөр БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Вероселл вакцин 600 мянган тун буусан. Ийнхүү нийслэлийн хэмжээнд 120 цэгээр 1, 2 -р тунг хийж эхэлжээ. Энэ талаар тодруулахаар Хан-Уул дүүргийн 15-р сургууль дээр ирлээ. Гаднаасаа л иргэд нь зайгаа барьсан эмх цэгцтэй дугаарлаж байгаа харагдсан. Бид тус Хан-Уул дүүргийн 15-р сургуулийг хариуцсан хэсгийн ахлагч, тус дүүргийн 3-р хорооны “Энх-Титэм” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, их эмч Д.Наранцэцэгээс тодруулга авлаа.  

 

-Танай хэсгийн хувьд хэчнээн хүнийг одоогийн байдлаар дархлаажуулалтад хамруулсан бэ?

 

-Манай Хан-Уул дүүргийн 3-р хорооны 500 иргэнийг өглөө 9 цагаас эхлээд дархлаажуулалтанд хамруулаад явж байна. Одоогийн байдлаар 60 тун вакцин хийгээд дууслаа. Одоо дараагийн ээлжийнх ирж байна гэж байна.

 

-Энэ 15-р сургууль дээр ямар вакцин тарьж байгаа юм бэ. Иргэд сайн мэдэхгүй нэлээн асууж байна?

 

-Ер нь Хан-Уул дүүрэгт маань Энэтхэгийн Астразеника вакциныг зөвхөн Монгол Солонгосын сургууль, 60-р сургууль дээр л хийж байгаа. Харин бусад сургууль дээр Синафарм үйлдвэрийн Вируселл вакцинаа хийж байна. 52-р сургууль дээр хоёр баг бүх хороонууд өрхийн эмнэлгүүдээс вакцин эхэлсэн байна.

 

-Танай хэсгийн хороонд ажиллаж байгаа хүмүүс өрхийн эмч нар гэж дуулсан?

 

-Дүүрэг бүрт өөр өөрийн хороонд өрхийн эмнэлгүүд нь дархлаажуулалтын цэгүүдээ хариуцаад ажиллаж байгаа болохоор эмх цэгцтэй байна. Гэвч бид хороо нь биш ч хүрээд ирснийг андуураад ирсэн, хөдөө орон нутгийн хүмүүсээ буцаахгүй дархлаажуулалтад нь хамруулаад явуулж байна. Хоёр дах тунгаа тариулах хугацаа нь болсон  21 хоногоос дээш болсон л бол бид бүгдийг нь хүлээн аваад тарьж байна.

 

-Нэгдүгээр тунгаа хийлгэхээр бичиг өгч байгаа. Тэр бичгээс гадна утсанд нь мессэж ирсэн. Хоёрдугаар тунг тариулах ч мессэж ирсэн. Зарим иргэдэд тэр мессэж ирээгүй тохиолдолд яах вэ гэж иргэд асууж байна?

 

-Бүртгэл дээр бүх зүйл шивэгдсэн учир хугацаа нь болчихсон л бол мессэж заавал харах шаардлагагүй.

 

-Энд хэчнээн хүний бүрэлдэхүүн өнөөдөр ажиллаж байна вэ?

 

-Энэ цэг дээр Хан-Уул дүүргийн өрхийн эмнэлгийн 7 эмч, сувилагч ажиллаж байна. Мөн 15-р сургуулийн захирал, эмч, үйлчлэгч 3 хүн ажиллаж байна. Хорооноос 2 хэсгийн ахлагч гээд нийт 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй байна даа.

 

-Мэдээлэл өгсөн танд баярлалаа.

Shuud.mn
Сонин хачин