Дипломат дайн: ОХУ Балтийн орнуудын дипломатуудыг эд зүйлээ баглаж байхыг зөвлөв

Оросын эсрэг хийж буй алхмуудаас үүдэлтэй дипломат дайн өргөжиж байна. Анх АНУ ОХУ-ыг сонгуульд нь хөндлөнгөөс оролцсон, төрийн байгууллагууд руу нь цахим халдлага үйлдсэн хэрэгт буруутган хориг арга хэмжээ тавьж, дипломатуудыг нь хөөн гаргахаар болсон. Үүний араас Польш Оросын дипломатуудыг хөөсөн бол Чех улс Оросыг 2014 онд болсон зэвсгийн агуулахын дэлбэрэлтийн хэрэгт буруутган, 18 дипломатыг "персона нон грата" хэмээн зарласан юм.
Харин энэ удаад "дипломат дайн"-д Латви, Литва, Эстони орнууд нэгдлээ. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 23-ны баасан гарагт эдгээр гурван орны Гадаад хэргийн яамд Чехтэй эв санаа нэг байгаагаа илэрхийлэн Оросын дипломатуудыг хөөн гаргахаар болсноо мэдэгджээ.
Үүний хариуд Оросын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова тайлбар өгсөн байна. Тэрбээр Орос мөн ижил хариу авна хэмээн мэдэгджээ.
"Эдгээр орнуудын эрх баригчид манайх хариу өгнө гэдэгт эргэлзэхгүй байж болно. Тэдгээр орнуудын дипломатууд нь ч одооноос хэрэгтэй эд зүйлээ баглаж байсан нь дээр байх" хэмээн Захарова мэдэгджээ.
Ийнхүү Балтийн орнууд Оростой хийх "дипломат дайнд" татагдан орлоо. Латвийн Гадаад хэргийн яам энэ шийдвэрээ "Манай улсын нутаг дэвсгэр болон манай түнш, холбоотнуудын нутаг дэвсгэр дээр хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулахыг Латви тэсвэрлэхгүй" хэмээн тайлбарлажээ.
Чухамхүү ийм ажиллагаа буюу 2014 онд Чехийн Врбетице тосгон дахь зэвсгийн агуулахыг Оросын тагнуулууд дэлбэлсэн гэж Чехийн эрх баригчид буруутгасан юм. Тиймээс Оросын 18 дипломатыг "персона нон грата" хэмээн нэрлэж, хөөн гаргахаар болсны хариуд Орос улс Москва дахь Чехийн 20 дипломатыг хөөснөөр Чехийн ердөө 5 дипломат үлдсэн. Харин үүнийг Чех улс байж болшгүй хэрэг хэмээн үзэж, Москвад үлдсэн Чехийн дипломатуудын тоотой ижил хэмжээнд хүртэл Оросын ЭСЯ-ны дипломатуудыг цөөлөхөөр болж, тавдугаар сар хүртэлх хугацааг Оросын талд өгсөн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ