Ц.Цэрэнбат: Триатлоны спорт биеийг өв тэгш хөгжүүлдэг
2021-04-30

 

Триатлоны спорт 1974 онд АНУ-д үүссэн. Харин  Триатлоны Азийн аварга шалгаруулах тэмцээнийг 1992 оноос эхэлж Азийн триатлоны холбооноос зохион байгуулж байна. Азийн аварга шалгаруулах тэмцээнд 35 орноос таван эрэгтэй, таван эмэгтэй хүртэлх тамирчин эх орноо төлөөлж оролцох дүрэмтэй байдаг аж.

Энэ жилийн Триатлоны Азийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Япон улсын Хирошима аймгийн Хацикайчи хотод зохион байгуулагдаж дууслаа. Уг тэмцээнд Монгол улсаа төлөөлж Япон улсад оршин суугч, тамирчин Ц.Цэрэнбат өөрийн Япон дасгалжуулагчтайгаа хамтран оролцжээ. Иймд бид триатлоны тамирчин Ц.Цэрэнбаттай цахимаар холбогдож ярилцлаа.

 

Сайн байна уу? Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

 

-Сайн байцгаана уу? Намайг Ц.Цэрэнбат гэдэг. Би Булган аймгийн уугуул иргэн. Гэр бүлийн хамт Япон улсад суурьшиж амьдраад 16 жил болсон байна. Фитнесс клубт коүчи, дасгалжуулагчаар ажилладаг. Өөрийн сонирхлоор олон төрлийн спортоор хичээллэж, тэмцээн уралдаанд оролцож, амжилтаа ахиулсаар ирлээ.  

 

Сүүлийн жилүүдэд триатлоны спортоор түлхүү хичээллэж, энэ төрөлд хувийн амжилтаа ахиулж байна. Тухайлбал  хоёр жилийн өмнө Япон улсад зохион байгуулагдсан триатлоны тэмцээнд 1500 метрийн сэлэлт, 40 км дугуй, 10 км гүйх замыг 2 цаг 16 минутын хугацаанд туулж хувийн дээд амжилтаа тогтоосон. Монголын триатлоны энэ зайны дээд амжилт  юм.  Улмаар Триатлоны Азийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлж оролцох саналыг Монголын триатлоны холбооноос тавьсан. Япон  багш, дасгалжуулагчтайгаа ярилцаж үзээд саналыг хүлээж авсан. Эх орноо төлөөлж Азийн аварга шалгаруулах триатлоны тэмцээнд оролцохоор шийдсэн.

 

Өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулагдсан Триатлоны Азийн аварга шалгаруулах тэмцээн хэр амжилттай болсон бэ?

 

-Дэлхий даяар цар тахал үргэлжилж байна. Япон улсын зарим нутгаар хөл хорио тогтоосон хэвээр байгаа. Хэдийгээр цар тахалтай байгаа ч  энэ жил Токиогийн зуны олимпын наадам зохион байгуулагдана. Тиймээс Япон улс долдугаар сард зуны олимпын наадмаа амжилттай зохион байгуулахын тулд өөрөөр бол бэлтгэл, туршилтын байдлаар олон улсын тэмцээн уралдаануудыг зохион байгуулж байна.  Зуны олимпийн триатлоны төрөлд 54 тамирчин оролцдог. Ингэхдээ тухайн тамирчин олон улсын тэмцээн уралдаанд оролцож оноо цуглуулж зуны олимпийн эрхээ авдаг. Нэг улсаас хоёр тамирчин, зохион байгуулагч улсаас гурван тамирчин оролцох эрхтэй байдаг.

 

Энэ жилийн Триатлоны Азийн аварга шалгаруулах тэмцээний хувьд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж зохион байгуулалтын хувьд онцлогтой байлаа. Тамирчдыг тэмцээн болох өдрөөс долоон хоногийн өмнө хүлээн авсан. Халдвар хамгааллын дэглэмийг хатуу баримталж нэг нэгээр нь зочид буудлын өрөөнд тусгаарласан. Ингэхдээ хуваарийн дагуу нэг улсын тамирчид өдөрт 2 цаг бэлтгэл хийх боломжийг бүрдүүлсэн байлаа. Мөн өдөр бүр шүлсээр коронавирусийн шинжилгээ авч, биеийн байдлын мэдээллийг цахимаар авч хянадаг байсан. Зохион байгуулалт маш сайн.

 

Триатлоны спортын дүрэмд зааснаар нэг тойргоор хоцорсон тамирчид замаа орхих ёстой. Харамсалтай нь миний хувьд бүх төрлийн замаа дуусгаж чадалгүй усан сэлэлтээ амжилттай дуусгалаа. Цаашид энэхүү амжилтаа улам сайжруулж дээшлүүлж чадах юм бол бусад төрлөө дуусгаж амжилтын үүдийг нээх боломж бий болохыг үгүйсгэх аргагүй юм. Нийтдээ 12 орны 27 эрэгтэй тамирчин өрсөлдсөнөөс дүрмийн дагуу дугуйн хэсгээсээ долоон тамирчин хасагдсан. Барианд 20 тамирчин орж чадсан.

 

Үүнээс харахад манай улсын тамирчид усан сэлэлтэндээ анхаарах шаардлагатай байна. Дараа жилийн Триатлоны Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломж гарвал усан сэлэлтийн хэсэгтээ анхаарах болно.

 

Мөн триатлоны спортод насны хувьд ангилал байдаггүй.  Азийн аварга шалгаруулах тэмцээнд 19-өөс дээш насны бүхий л тамирчин оролцох боломжтой. Энэ удаагийн тэмцээнд хамгийн ахмад тамирчин нь би байлаа.

 

 

Ирэх сарын 15,16-нд болох Ёкохама триатлоны тэмцээнд оролцох уу?

 

-Тиймээ. Оролцохоор бүртгүүлсэн. Тавдугаар сарын 15-нд элит ангиллын тамирчдын тэмцээн болно. Харин 16-нд энгийн тамирчдын тэмцээн болох юм. Миний хувьд 16-ны өдөр тэмцээнд оролцоно.

 

Манай улсын триатлоны тамирчдын түвшин олон улсад хэр байгаа вэ?

 

-Манай улсад триатлоны спорт хөгжиж байгаа. Тэмцээн  уралдаанууд зохион байгуулагддаг. Шуудхан хэлэхэд олон улсад төдийгүй Азийн орнуудтай харьцуулахад манай улсын тамирчид сайн биш. Мөн энэ спортоор хичээллэж байгаа хүний тоо цөөн. Тоотой хэдэн тамирчин л тасралтгүй бэлтгэл сургуулилт хийж байгаа байх. Бэлтгэлийн суурь бааз дутмаг.

 

 

 

Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохын хажуугаар бусад улсын тамирчдаас туршлага судалсан байх? Манай улс триатлоны спортыг илүү хөгжүүлэхийн тулд юунд анхаарвал зохих вэ?

 

-Халдвар хамгааллын дэглэмийг хатуу мөрдсөн учир бусад улс орны тамирчидтай ярилцах боломж олдоогүй. Гэхдээ ямар хэмжээнд багаар ажилладаг гэдгийг нь нүдээр харсан.

 

Жишээлбэл, Япон улсын таван эрэгтэй таван эмэгтэй нийт арван тамирчны бэлтгэл сургуулилтыг хангахын тулд 20 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж, амжилт  гаргах олон талын туслалцаа дэмжлэгийг үзүүлж байгаа нь олон улсад эх орныхоо нэрийг гаргах чухал арга барил гэдгийг хөгжилтэй орны баг хамт олныг хараад ойлголоо.

 

Гэтэл миний хувьд танилаа дагуулаад л очсон. Улсаа төлөөлж оролцож байгаа мөртлөө танилтайгаа хамт уралдаанд оролцохоор очсон би болон мэргэжлийн багийн цогц дэмжлэгтэй бусад улсын тамирчин хоёрын хооронд асар их ялгаа бий.

 

Тиймээс манай улс энэ тэргүүнд олон улсад өрсөлдөх  хэмжээний залуу тамирчдыг бодлоготойгоор бэлтгэх хэрэгтэй байна. Ингэж чадвал залгамж үе маань триатлоны спортоор олон улсад амжилт гаргах бүрэн боломж байгаа байх гэж бодож байгаа.   

 

Мөн триатлоны спортыг хөгжүүлэхийн тулд дэмжигч байгууллагууд онцгой хэрэгтэй. Манай улсын триатлоны тамирчин олон улсад амжилт үзүүлбэл хүүхэд залуучууд ч гэсэн сонирхож олноор хичээллэнэ шүү дээ.

 

 

Триатлоны спортоор хичээллэхийн ач холбогдол юу байх вэ?

 

-Триатлоны спорт нь 2000 онд Австралийн Сидней хотноо зохион байгуулагдсан зуны 28 дахь удаагийн олимпын наадмаас эхлэн олимпын төрөлд багтсан.  Триатлон нь сэлэлт-дугуй-гүйлт гэсэн гурван төрлийг хавсарсан спорт. Хүний биеийн бүх булчинг ажиллуулдаг учраас бусад спортын төрлүүдээс онцлог. Тамирчин хүн аль нэг чадварт нь сайн байж болно. Жишээлбэл, тухайн тамирчин усан сэлэлтэд сайн байх ч гүйлт, эсвэл дугуй унахдаа төдийлөн сайн биш  байх боломжтой. Манай улсын  тамирчид гүйлт болон дугуйндаа сайн байдаг. Гэхдээ усан сэлэлтэндээ сайн биш. Би ч адил.  

 

Триатлоны спортоор хичээллэхээр сонирхож байгаа хүүхэд, залуусдаа хандаж юу зөвлөмөөр байна?

 

-Триатлоны спортоор хичээллэвэл бие өв тэгш хөгждөг. Мөн триатлон нь гурван төрлийг нэгтгэсэн байдаг болохоор ихээхэн тэсвэр тэвчээр шаарддаг. Тиймээс залуус та бүхэн триатлоны спортоор хичээллэхийг уриалж байна. 

 

Төгсөлд нь дэмжигч спонсор байгууллагуудтай (Шинэ Монгол сургууль, Худалдаа хөгжлийн банк, Монголын триатлоны холбоо, Гоа марал бренд үйлдвэрлэгч нартаа) олон талт арга хэмжээ хамтран зохион байгуулж гэрэлт ирээдүйд Монголын триатлоны тамирчид ази, дэлхийн аварга болох мөрөөдөл биелэлээ олоосой гэж мөрөөдөж байна.

 

Г.Мичид

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Za yahav dee. Uuruu l bolj baival.
2021-05-01
Сонирхоод Тэмцээнийг интрнэтээс үзсэн. Ус, дугуй, гүйлт 3 төрөлтийн эхний даваанд бүх оролцогч нараас хол хоцорж баян ходоод болж харагдлаа.
2021-05-01
иргэн:
Za yahav dee. Uuruu l bolj baival.
Huuh ymar mundag ymbee ene sonsdog huwilbar bgaa yu?
2021-04-30