Аргентинд коронавирусийн улмаас сонгуулийг хойшлуулжээ
2021-05-10

Олон оронд дархлаажуулалтыг эрчимжүүлж байгаа ч вакцины үйлдвэрлэлийн хүчин чадал эрэлтийг давж гарч чадахгүй байгаагийн улмаас зарим оронд вакцинжуулалт зогсонги байдалд орж, дэлхий дахиныг бүрхсэн коронавирусийн цар тахал төдийлөн намжихгүй байна. Мөн мутацид орсон вирусийн хувилбарууд ч олон оронд тархаж байгаа тул дэлхийн орнууд хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсээр байгаа юм. 

 

Тэр дундаа олон нийтийн бөөгнөрлөөс сэргийлэн төрөл бүрийн арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж байгаагийн дотор олон нийт өргөнөөр оролцох улс төрийн сонгуулиудыг хойшлуулсаар байна. Хамгийн сүүлд гэхэд л Аргентин улс коронавирусийн халдварын тархалтын улмаас парламентын сонгуулийг хойшлуулах шийдвэр гаргажээ. 

 

ТАСС агентлагийн мэдээлснээр, Аргентины парламентын сонгуулийн праймериз буюу урьдчилсан сунгаа наймдугаар сарын наймны өдөр эхлэхээр товлогдсон байсан ч есдүгээр сарын 12-ны өдөр болгон хойшлуулсан байна. Харин 10 дугаар сарын 24-ний өдөр товлогдсон бүх нийтийн сонгуулийг 11 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгуулахаар хойшлуулжээ.

 

Аргентинд цар тахал дэгдсэнээс хойш коронавирусийн халдварын тохиолдол 3,1 саяыг давсан бол хүндрэлийн улмаас 67 мянга гаруй хүн нас барсан байна. Халдварын тоо төдийлөн буурахгүй байгаа энэ үед сонгуулийг хойшлуулах нь хамгийн зөв алхам гэж тус улсын эрх баригчид үзжээ.

 

Мөн ийм шийдвэрийг Шотланд гаргасан байна. Шотланд тусгаар тогтнолын талаарх олон нийтийн санал асуулга явуулахаар зэхэж байсан бөгөөд халдварын нөхцөл байдал хүнд байгаа тул коронавирустэй тэмцэхэд гол анхаарлаа хандуулж, "цаг нь ирэхээр санал асуулга явуулж, улс орныхоо ирээдүйг шийдвэрлэнэ" гэж Шотландын Үндэсний намын тэргүүн Никола Стержен мэдэгджээ.

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Манайх бас ерөнхийлэгчийн сонгуулийг хойшлуулах хэрэгтэй:
Манайх бас ерөнхийлэгчийн сонгуулийг хойшлуулах хэрэгтэй. Энэтгэгт сонгууль гэж баахан хүн цуглуулж Ковидыг нэмэгдүүлсэн шүү дээ. Хүний амь улс төрөөс чухал гэдгийг манай улс төрчид ойлгодог болоосой.
2021-05-10