Энэ жил улсын хэмжээнд нийт 9500-9700 тонн ноолуур бэлтгэнэ
2021-05-12

 

Ноолуур үнэ ханш болон экспорт, Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний дагуу олгогдож буй зээлийн талаар Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах бодлогын газрын дарга М.Дондогдоржоос тодрууллаа.

 

-Энэ жил улсын хэмжээнд хэдэн тонн ноолуур бэлтгэхээр тооцоолсон байна вэ?

 

-Улсын хэмжээнд нийт 9500-9700 орчим тонн ноолуур бэлтгэх байх гэсэн тооцоолол гарсан байна.

 

Манай улс ноолуураа хэдэн улс руу экспортлодог вэ? Эхний ачилт хийгдсэн үү?

 

-Манай улс түйхийгээр нь бус анхан шатны боловсруулалт хийгээд экспортолж байгаа. Өнгөрсөн жилийн хувьд 70 гаруй хувийг нь анхан шатны боловсруулалт хийгээд гаргасан. Мөн дараагийн шат дамжлагын бүтээгдэхүүн хийгээд экспортолж байна. Цаашид угаасан ноолуурыг экспортлохгүй байх зорилт дэвшүүлээд ажиллаж байгаа. Энэ талаар үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооноос 2022 оноос эхлэн самнасан ноолуур болон түүнээс доош боловсруулалт хийсэн өөрөөр хэлбэл түүнээс доош буюу угаасан ноолуур экспортлохгүй байх, техникийн зохицуулалт хийх тогтоол гаргасан. Анхан шатны боловсруулалт  хийсэн бол БНХАУ-руу, самнасан бол Ази болон Европын орнууд руу экспортолдог. Коронавирус цар тахлаас үүдэн энэ жилийн эхний ачилтууд одоо л эхэлж байгаа. Тодруулбал, БНСУ, Итали чиглэлд хийгдэж байна.

 

Энэ жил ноолуурын үнэ дунджаар ямар байх вэ?

 

-Ноолуурын үнийг Засгийн газраас болон ХХААХҮЯ-наас тогтоохгүй. Зах зээлийн ханшаараа худалдаалагддаг. Энэ жилийн хувьд зүүн аймгуудын ноолуур бэлтгэгдэж дууссан. Зүүн аймгуудын ноолуур 157 мянган төгрөг хүртэл үнээр худалдаалагдсан. Одоогийн байдлаар төв болон баруун аймгуудын ноолуур бэлтгэгдэж байна. Бэлтгэгдэж байгаа ноолуур дунджаар 120 мянган төгрөгөөр худалдаалагдана.

 

Засгийн газраас хэрэгжүүлж буй Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөнд тусгаснаар хаврын ноолуурын бэлтгэлд зориулж, ноолуур боловсруулах аж ахуйн нэгжүүдэд 200 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор болсон. Зээл олгогдож эхэлсэн үү?

 

-Засгийн газраас хэрэгжүүлж буй Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц хөтөлбөрийн хүрээнд ноолуурын бэлтгэлд зориулж арилжааны банкуудын эх үүсвэрээр 200 тэрбум төгрөгийн зээл олгогдоно. Сангийн яамнаас Монголбанктай хүүгийн зөрүү өгөх, зээлийн эх үүсвэрийг арилжааны банкууд гаргах гэрээ байгуулсан. Тус зээл нь жилийн гурван хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай байх бөгөөд зургаан арилжааны банкаар олгогдоно.

 

М.Насан 

 

Shuud.mn
Сонин хачин