ВИДЕО: Татвар үр ашиггүй зарцуулагдаж байгаа иргэд бухимдаж байна
2021-05-13

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг УИХ-ын дарга танилцуулан батлав. Дараагаар нь Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх эсэхийг  хэлэлцэж эхэллээ. Төсвийн байнгын хороо уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн дүгнэлт гаргасан байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна. 

 

 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

 

-Нийгмийн даатгалын шимтгэл, татварыг бууруулах төслийг дэмжинэ. Цар тахлын үед аж ахуйн нэгжүүд хүнд байна. Цаашдаа нийгмийн даатгалын шинэчлэлийг хийх хэрэгтэй. Эдийн засгийн хүнд үед татвар нэмж, ард иргэдийн нуруун дээр ачаа нэмэх хэрэггүй. Монгол Улсад татвар нь багадаа биш үр ашиггүй зарцуулагдаж байгаа иргэд бухимдаж байна. 

 

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин: 

 

-Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар бууруулахаар төсөлд тусгасан. Тэтгэврийн даатгал алдагдалтай ажиллаж, үйлдвэрийн осол гэмтэл зэрэг бусад сан алдагдалгүй. 

 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

 

-Монгол Улс асар их баялагтай орон. Монгол Улсын сан хөмрөгт төвлөрүүлэх ёстой татвараас зайлсхийж байхад бид шаардаж, нэг их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүллээ. "Эрдэнэт" үйлдвэр гэхэд долдугаар сарын нэгэн хүртэл монголын бүх айл өрхийн цахилгаан, дулааны төлбөрийг хариуцаж байна. Цаашид энэ бүхэнд ямар судалгаа хийж байна вэ. Цаашдаа тогтолцоотой холбоотой зүйл дээр анхаарах хэрэгтэй. "Капитал" банктай холбоотой Б.Ундармаагийн олон тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэх тал дээр ямар ажил хийж байна вэ? гэсэн асуултад "Баялгийн сан байгуулах ажлыг эхлүүлж байна. Нийгмийн даатгалын багц хуулинд өөрчлөлт оруулж байна" гэлээ. 

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж хариулт авсны дараагаар НДШ-ийн хоёр хувиар бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ-ын гишүүд дэмжлээ.

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин