Халдварын тархалт нэмэгдэж, сонгуулийн сурталчилгаа зогсов
2021-06-07

 

Зургадугаар сар гарсаар халдварын тохиолдол өдрөөс өдөрт нэмэгдэж, нас баралтын тоо ч буурахгүй байна. Тухайлбал, Өчигдөр 1288 хүнд коронавирус илэрч, дөрвөн хүн нас барсан талаар ЭМЯ-наас мэдээлэв.  Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 65 266 болж байгаа юм. Шинээр батлагдсан тохиолдлын 1027 нь Улаанбаатар хотод, 258 нь орон нутагт, 3 нь  эмнэлгээс шалтгаалах халдвар  байна. Харамсалтай нь манай улсын нийт халдварын улмаас  нас барсан хүний тоо 311 болж байна. Үүний дотор зургадугаар сарын 01-нд онош батлагдсан найман настай охин нас барлаа. Дэндүү харамсмаар. Хүүхдийн баярын өдөр онош нь батлагдсан бяцхан охин өнөөдөр хорвоод байхгүй.


Нийслэлчүүд вакцины нэгдүгээр тундаа бүрэн хамрагдаж, хоёрдугаар тунгийн хамрагдалт 80 хувьтай байгаа ч халдварын тохиолдол буураагүй өнөөдрийг хүрлээ. Тэр байтугай коронавирусийн халдвар орон нутагт нэмэгдэж байгаа нь олон нийтийг түгшээж байна. Эрдэмтдийн судалгаагаар зургадугаар сарын 15 гэхэд халдварын тохиолдол буурна гэж тооцоолсон. Гэсэн хэдий  ч өнөөдрийн бодит байдал, судалгаа хоёр зөрж байна.  Халдварын хүрээ хумигдаагүй төдийгүй ирэх өдрүүдэд өсч, вакцинжуулалт үр дүнгүй болох уршигтай байна.

 

Монгол улсын Ерөнхийлөгчийн  ээлжит сонгуульд нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагааг эхлүүлж орон нутгаар хөндлөн гулд давхиж, иргэдийг цуглуулж, олон уулзалт цуглааныг хийсэн. Ерөнхийлөгчийн сонгуульд "Зөв хүн электорат" эвслээс нэр дэвшигч Д.Энхбатын коронавирусийн шинжилгээний хариу эерэг гарч, халдвар авсан нь батлагдсан.  Мөн түүний ойрын хүмүүс болох эхнэр, эмч, хамгаалалтын ажилтны шинжилгээний хариу эерэг гарсан байна. Тэд тусгаарлагдан эмчлүүлж байгаа. Тиймээс нэр дэвшигч Д.Энхбатын сонгуулийн штабаас “Халдварын эрсдэл маш өндөр байгаа энэ үед иргэдийг олноор цуглуулж уулзалт хийгдээ зогсооё гэж МАН, АН-ынханд уриалж байна” гэж уриалга гаргаж, уриалгыг МАН болон АН нам дэмжиж энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа зогсоосон. Өнөөдөр Ерөнхийлөгчид нэр дэвшигчид  цахим болон хэвлэл мэдээллээр сурталчилгаагаа үргэлжүүлэх сүүлчийн өдөр. Учир нь өнөөдрийн 24.00  цагаар Ерөнхийлөгчийн  сонгуулийн сурталчилгаа албан ёсоор өндөрлөнө. 

 

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч  Х.Баттулга төрийн дээд одон медаль, эхийн алдар одонг гардуулж байна. Шагналын хур буусан эдгээр өдрүүдэд Чингисийн талбай олны хөлд дарагдав.  "Дэлхий нийтээр цар тахлын даван туулахын тулд хичээж байгаа энэ үед манай улс сонгуулиа хийх, шагналаа гардуулахыг цар тахлаас илүүд үзэж байна" гэж олон нийт шүүмжилж байлаа. 

 

Халдварын тархалт буурахгүй нэмэгдсээр байгаа энэ өдрүүдэд иргэд бид амны хаалтаа тогтмол зүүж, гараа ариутгаж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлах нь хамгаас чухал болоод байна. 

Г.Мичид

Shuud.mn
Сонин хачин
Хорио цээрээ зарлах, вакцинд 100 % хамрагдах
2021-06-08