ЦАР ТАХАЛ: Германы эрх баригчид санхүүгийн хүндрэлтэй оюутнуудад сар бүр тэтгэмж өгчээ
2021-06-16
Германы Ерөнхийлөгч оюутнуудтай уулзаж байгаа нь. Гэрэл зураг: Getty Image

Дэлхий дахин хязгаарлалт, дархлаажуулалтын тусламжтайгаар цар тахалтай тэмцсээр байна. Зургадугаар сарын 15-ны байдлаар дэлхий даяар 177 сая гаруй хүн халдвар авсанаас 3.8 сая хүн нас барж, 161 сая гаруй хүн эдгэрчээ. 

 

Арабын агаарын тээврийн компани 5.5 тэрбум долларын алдагдалд оржээ 

 

Арабын Нэгдсэн Эмират Улсын Emirates агаарын тээврийн компанийн цэвэр алдагдал 2020 оны дүнгээр 5.5 тэрбумд хүрчээ. Энэ нь цар тахлын үеэр зорчих хөдөлгөөн хязгаарлагдсанаас үүдэлтэй юм.

 

Дундад Дорнодын томоохон агаарын тээвэрлэгчийн үйлчилгээг өнгөрсөн онд ердөө 6.6 сая хүн авсан нь 2019 онтой харьцуулахад 80 хувиар бага байгаа гэнэ.

 

Улмаар хүнд байдалд орсон компанид Дубайн эрх баригчид дэмжлэг болгон хоёр тэрбум орчим доллар илгээжээ. 

 

Кыргызстанд тахлын гурав дахь давалгаа өрнөж байна 

 

Кыргызстанд коронавирусийн цар тахлын гурав дахь давалгаа өрнөж байна гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ. Тус яамны мэдээлснээр дөрөвдүгээр сард Кыргызстанд өвчлөлийн тоо өсч эхэлсэн байна. Тахлын эхний хоёр давалгаа 2020 оны долоо болон 11 дүгээр саруудад бүртгэгджээ.

 

Сүүлийн долоон өдрийн туршид Ош болон Бишкек хотуудад өвчлөлийн өсөлт өндөр байгаа бөгөөд улсын хэмжээний үзүүлэлтээс 3.6 болон 2.6 дахин өндөр байгаа гэнэ. 

 

Берлинд амны хаалт зүүх журмыг хэсэгчлэн цуцлав 

 

Германы нийслэл Берлин хотноо гадаа амны хаалт зайлшгүй зүүх журмыг хэсэгчлэн цуцалжээ. Ингэснээр амьтны хүрээлэн, дэлгүүрүүд байрлах гудамж зэрэгт амны хаалт зүүх журам үйлчлэхгүй юм байна. Харин бусад хүмүүсээс 1-2 метрийн зай барьж явах боломжгүй бол амны хаалт зайлшгүй зүүх аж. Түүнчлэн галт тэрэг болон автобусанд FFP2 амны хаалт зүүхийг зөвлөж байгаа юм байна.

 

Германы оюутнуудад тахлын үеэр 166 сая еврогийн тусламж үзүүлжээ

 

Германд сүүлийн 12 сарын хугацаанд буюу тахлын эсрэг хязгаарлалтын арга хэмжээнүүд үйлчилж байх хугацаанд их дээд сургуулиудын оюутнуудад яаралтай тусламж болгон нийт 166 сая еврогийн дэмжлэг үзүүлжээ.

 

Германы Оюутны холбооны мэдээлснээр, оюутнууд сард дунджаар 450 орчим еврогийн дэмжлэгийг тахлын үеийн хязгаарлалтын үеэр авсан байна. Цар тахлын улмаас цагийн ажлаа алдсан зэрэг сургалтын үеэр санхүүгийн хүндрэлүүдтэй нүүр тулсан оюутнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлжээ. 

 

Тэтгэмж авахын тулд сар бүр шинээр өргөдөл гаргах ёстой байсан тул санхүүгийн дэмжлэг авсан оюутны тоог нарийвчлан гаргахад хүндрэлтэй байгаа гэнэ. 2020 оны зургадугаар сарын 16-ны өдрөөс эхлэн 548 мянган өргөдөл хүлээн авч, 370 мянган тохиолдолд өргөдлийг шийдвэрлэн, санхүүгийн тусламж үзүүлжээ.

 

Европын холбоо 300 сая тун вакцин тарьжээ 

 

Европын холбоон дахь дархлаажуулалтын ажил 300 сая тун вакцины үзүүлэлтийг давжээ.

 

"Бид 300 сая тун тарилга хийлээ. Ирэх сард Европын холбооны насанд хүрсэн хүн амын 70 хувийг хамруулна гэсэн зорилтдоо бид өдөр бүр ойртсоор байна" хэмээн Еврокомиссын тэргүүн Урсула фон дер Лайен Твиттер хуудсандаа бичжээ.

 

Европын холбоо өчигдөр буюу зургадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн вакцины гэрчилгээ нэвтрүүлсэн бөгөөд энэ гэрчилгээг сайн дурын үндсэн дээр ашиглаж болох юм. Түүнчлэн, вакцинд хамрагдсан иргэд зургадугаар сарын 14-ний өдрөөс эхлэн Европын холбооны орнуудад чөлөөтэй зорчихыг зөвшөөрсөн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин