Эмийн үнийг хянаж чадаагүй Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрыг татан буулгая
2021-06-16
Гэрэл зургийг архиваас

 

Ковидын эсрэг эм,  эмийн хэрэгслийн үнэ тэнгэрт хадсан. "Арбидол" эм 6000 төгрөгөөс 30 мянга болтлоо өслөө гэж гишүүн Ж.Сүхбаатар байнгын хорооны хуралдааны үеэр шүүмжилсэн. Ашиг нь нэмэгдээд 1000 төгрөгөөр худалдаалагддаг "Арбидол" эмийг 38 дахин нугалж зарлаа гэж олон нийтийн шүүмжлэл сошиалаар өрнөж байна. Эм, эмийн хэрэгслийн үнэ төлбөрт анхаарч, хөнгөлөлт үзүүлэх эмийн жагсаалтад ковидын эсрэг эмийг оруулахыг олон нийт хүсч байна.  

Эрүүл мэндийн яамнаас нэрлэсэн гэрээр эмчлэх жагсаалтад дурдсан эмийг худалдан авахад эхний удаад 260 мянган төгрөг шаардагдана гэх тооцоог иргэд гаргаж байгаа. Халдварын тоо нэмэгдэж, нас баралт өсөхийн хэрээр иргэд түгшиж, эрүүл мэнддээ анхаарч, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна. Цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд энэ онд  Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрыг байгуулсан.

Ингэхдээ Засгийн газраас “Монгол Улсад сүүлийн 20 жилд эмийн үйлдвэр, эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн ханган нийлүүлэх 2500 орчим байгууллага, эмийн сан байгуулагдсан байна. Эдгээр нь өнгөрсөн онд 347 тэрбум төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэж, импортолжээ. 2018 онд хийсэн судалгаанаас үзэхэд зах зээл дэх эмийн 15 хувь нь бүртгэлгүй эсвэл стандартын бус, эмийн хүртээмж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж болгодог 80 хувьд хүрдэггүй, бага орлоготой иргэд халдварт бус өвчтэй үед хэрэглэх эмээ худалдан авах боломжгүй, зарим эмийн үнэ олон улсын жишгээс 5-6 дахин өндөр байна. Эмийн зах зээлд төрийн зохицуулалт, хяналт хийх бүтэц нэгдмэл биш, оновчгүй байгаа учир агентлаг байгуулах нь зүйтэй” гэж үзэн байгуулсан байдаг.

 

Цар тахлын халдвар дэгдсэн онцгой энэ үед энэ байгууллага үүргээ гүйцэтгэж байна уу. Ковидын эсрэг эмийн үнэ өссөнтэй холбоотой тус газраас “Коронавируст цар тахлын эмчилгээний удирдамжинд багтсан вирусийн эсрэг эмийн зах зээл дэх үнийн хяналтыг хийж эхэллээ. ЭЭХХЗГ болон ШӨХТГ-ын хамтарсан ажлын хэсэг "Арбидол" зэрэг эмийн ширхгийн болон багцын үнэд хяналт, шалгалт хийж,  илэрсэн зөрчлүүдэд арга хэмжээ авч ажиллах юм. Мөн Ковид-19 халдварын үед яаралтай горимоор импортлох нэг удаагийн зөвшөөрөлтэй бусад эмийн үнийг олон нийтэд ил тод мэдээлэх болно” гэсэн мэдээллийг цахим хуудсандаа тавьжээ. Гэхдээ энэ байгууллага эм, эмийн хэрэгслийн үнийг өссөн дараа араас нь явж, арга хэмжээ авч, зөрчил илрүүлэх бус  урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх зорилготой байгуулагдсан.

 

Манай улсад ямар нэг бараа таваарын үнэ нэмэгдсэн тохиолдолд өмнө үнийн дүндээ очиж буурдаггүй. Энгийн үеэсээ тав дахин нэмэгдсэн “Арбидол” зэрэг эмийн үнэ эргээд 6000 мянган төгрөгөө хүрч буурах нь эргэлзээтэй. Харин тус байгууллагыг хянаж, судалж байх хооронд бусад эм, эмийн хэрэгслийн үнэ өссөөр байх нь зах зээлийн хууль. 

 

Шаардлагатай тохиолдолд ковидын эсрэг эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулахыг  санаачлах эрх нь энэ байгууллагад бий. Гэсэн хэдий ч шинэ байгууллага эхний удаад үүргээ гүйцэтгэж чадсангүй, эмийн үнийг зах зээлд өсгөлөө. Эм үйлдвэрлэх, импорлох эрх бүхий байгууллага, эмийн сангууд эрэлттэй эмийн үнийг нэмэх эсэхэд зах зээлийн хууль үйлчилдэг. Харин урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, шаардлагатай эмийн нөөцийг бүрдүүлэх  эрх олгох, үнэ нэмэхгүй байх шаардлага хүргүүлэх нь Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрыг байгууллагын үндсэн ажил байлаа. Тиймээс Эмийн зах зээлээ хянаж чадаагүй Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрыг татан буулгая. Зах зээлийн үнийг хянадаг ШӨХТГ үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. 

Н.Нягт 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ эм ийм хортой юм бол хэн гэдэг хүн зөвшөөрөл өгч, ямар эмийн компани оруулж ирсэнд хатуу арга хэмжээ авч эрхийн цуцлаач ээ
2021-06-18
zochin:
Энэ хүнд үед д эм дамалж байгаа газрын эм зарах эрхийг бүрэн хаавал яасан юм бэ. 38 дахин өссөн нэвэл арай л биш үү, ЭЗЭН БАЙНА УУ,
2021-06-16
Тэ:
Өсгөөд байгаа ганц хоёр монополдоод баыгаа компаниудтай нь яриач ээ
2021-06-16
Лянхуа гэж хорт хавдар үүсгэдэг хятад эм хэрэглэхээ болиочээ
2021-06-16
Зочин:
Энэ эм ийм хортой юм бол хэн гэдэг хүн зөвшөөрөл өгч, ямар эмийн компани оруулж ирсэнд хатуу арга хэмжээ авч эрхийн цуцлаач ээ
иргэн:
Энэ данхайсан төрийн байгууллагууд баахан ширээний бөглөөсүүд байгуулаад ямар удсан биш буцаагаад татан буулгахад ядах юмгүй. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар гээд бас нэг агентлаг байна сангийнх нь мөнгө нь улаасаж байгаа сурагтай бүтэхгүй ээ
2021-06-16