АНУ Хятадыг сүрдүүлж, Катар вакцин тариулсан хүмүүс л хөлбөмбөг үзэхийг анхааруулав
2021-06-21

Дэлхий дахин хязгаарлалт, дархлаажуулалтын тусламжтайгаар цар тахалтай тэмцсээр байна. Зургадугаар сарын 21-ний байдлаар дэлхий даяар 178 сая гаруй хүн халдвар авсанаас 3.9 сая гаруй хүн нас барж, 163 сая гаруй хүн эдгэрчээ. 

 

АНУ Хятадыг "сүрдүүлэв"

АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан Хятадыг "хатуу сонголт"-ын өмнө ирсэн гэж анхааруулжээ.

 

Түүний өгүүлснээр, Хятад улс коронавирусийн халдварын үүслийн шалтгааныг бодитоор мөрдөн шалгах боломжийг олгохгүй бол олон улсаас тусгаарлагдах эрсдэлтэй нүүр тулах гэнэ. 

 

Энд дуулгахад, анх 2019 оны 12 дугаар сарын сүүлээр Хятадын Ухань хотод илэрсэн коронавирусийн халдварын талаар БНХАУ-ын эрх баригчид удаан хугацаанд нуун дарагдуулсан, вирусийг лабораторийн нөхцөлд гарган авч, улмаар лабораторид алдагдан, анхлан эрдэмтэд өвдсөн гэх зэрэг хувилбар өнөө хүртэл яригдсаар байгаа юм. Америкийн тусгай албаныхан коронавирусийг Уханийн лабораторитой холбоотой гэх сэжим олсон талаар Вашингтон пост сонин мэдээлж байлаа. АНУ-ын өмнөх Ерөнхийлөгч Трамп коронавирусийн үүсэлд Хятадыг буруутган, "Хятад вирус" гэж байнга мэдэгддэг байсан бол шинэ Ерөнхийлөгч Байден коронавирусийн үүслийг шалгах үүргийг тусгай албаныхандаа өгсөн юм. 

 

Энэтхэгт бүх нийтийн дархлаажуулалт эхэлжээ

 

Энэтхэгт өнөөдрөөс эхлэн насанд хүрсэн хүн амыг коронавирусээс сэргийлэх үнэ төлбөргүй дархлаажуулах аян эхэлж байна. Зургадугаар сарын 21-ний өдрөөс эхлэн мужууд хүн амыг дархлаажуулах вакцин хүлээн авах бөгөөд 18-аас дээш насны хүн бүр вакцин тариулах боломжтой аж.

 

Энэтхэгийн Засгийн газар дотоодод нь үйлдвэрлэж буй вакцины 75 хувийг худалдан авч, мужууд руу хүргүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. Үлдсэн 25 хувийг мужууд болон хувийн эмнэлгүүд худалдаж авах боломжтой гэнэ.

 

Энэтхэгт нэгдүгээр сарын 16-ны өдөр дархлаажуулалт эхэлсэн. Эхний ээлжинд гагцхүү хууль сахиулах байгууллага, шуурхай албаны ажилтнууд, эмнэлгийн ажилтнууд болон 45-аас дээш насныхан дархлаажуулалтад хамрагдаж байсан юм. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, тус улсад цар тахал дэгдсэнээс хойш халдвар авсан хүний нийт тоо 29,8 сая, эдгэрсэн хүн 28,7 сая гаржй болсон бол 386 мянга гаруй хүн нас баржээ. 

 

Вакцин тариулсан хүн л хөлбөмбөг үзэх эрхтэй

 

Катар улс гагцхүү дархлаажуулалтад бүрэн хамрагдсан хөгжөөн дэмжигчдийг л хөлбөмбөгийн ДАШТ үзэхийг зөвшөөрөх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

 

ДАШТ 2022 оны сүүлээр тус улсад зохион байгуулагдах бөгөөд энэ үеэр дэлхийн орнуудын ихэнх нь иргэдээ дархлаажуулалтад хамруулсан байна гэж Катарын Ерөнхий сайд Халед бен Халифа Аль Тани мэдэгдсэн байна.

 

Түүнчлэн Катар улс ДАШТ-д оролцох хүмүүст зориулан нэг сая тун вакцин авахаар вакцин үйлдвэрлэгчтэй хэлэлцээ хийж байгаа талаар тус улсын Ерөнхий сайд онцолжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
израйл бүх хүмүүсээ вакцинжуулсан ч дахиал бөөн бөөнөөрөө тусаад эргээд маскаа зүүж зайгаа барьж эхэллээ гэнэ шүү
2021-06-24
Хятадын төр буруутай нь үнэн... өөрсдийн эмч эрдэмтэд анх анхааруулахад бүгд шоронд эсвэл сураггүй болж бсан.
2021-06-21