О.Оюун-Эрдэнэ: Гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд салхинд гарахыг зөвлөөгүй
2021-06-22

 

Сүүлийг өдрүүдэд өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол нэмэгдсээр байна. Ойрын хавьтал болсон, халдвараар хөнгөн өвчилсөн иргэд  гэрээр эмчлүүлж байгаа. Халдварын тохиолдол нэмэгдсэнээр эмнэлгийн ачаалал нэмэгдэж, эмчилгээний ор дутагдаж байгаа учир их, дээд сургуулиудын дотуур байрыг тусгаарлан, ажиглах байраар ашиглах, мөн хувийн хэвшлийн эмнэлгүүдийн эмч, мэргэжилтнүүдийг татан оролцуулж 1500 эмнэлгийн орыг дэлгэнэ. Улаанбаатар хотын захиргааны шинэ байр буюу Яармагт байрлалтай байранд яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэх 145 ортой эмнэлгийг байгуулах бэлтгэл ажлыг хангаж байна. Ойрын хугацаанд уг эмнэлгийг ашиглалтад оруулж халдварын батлагдсан тохиолдолд яаралтай түргэн тусламж үзүүлнэ гэж УОК-оос мэдээлээд байгаа. Эрүүл мэндийн яамнаас мэдээлж буйгаар  өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 19 734 хүн байгаа аж.

 

Тэгвэл цахим орчинд халдвараар хөнгөн өвчилж, гэрийн хяналтад байгаа иргэдэд өрхийн эмнэлгээс нь салхинд гарахыг зөвлөж байна гэсэн мэдээлэл цацагдаад байна. Энэ мэдээлэл үнэн эсэх, гэрийн хяналтад буй иргэдэд ямар зөвлөмж, зөвлөгөө өгөхийг НЭМҮТ-ийн Эрдэм шинжилгээний ажилтан О.Оюун-Эрдэнээс тодруулахад: 

 

-Эрүүл мэндийн сайдын 227 дугаар журамд гэртээ тусгаарлагдаж буй иргэд 14 хоног гэртээ байх бөгөөд Өрх, дүүргийн эрүүл мэндийн төвөөс нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлнэ. Мөн дүүргүүдийн шуурхай штабууд зохион байгуулж өрх, хорооны нийгмийн ажилтан болон хэсгийн ахлагч нарыг зохион байгуулалтад оруулж хүнс, эм тариа шаардлагатай хүмүүст  хоол хүнсийг нь хүргэж өгч байгаа. Бид эрүүл мэндийн сайдын батлан гаргасан журмын дагуу ажиллаж байна. Тиймээс гэрийн тусгаарлалтад буй иргэд маань гэртээ байж, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэж, шинж тэмдэг илрэх тухай бүр өрхийн эрүүл мэндийн төвдөө мэдэгдэж ЭМ-ийн тусламж авахыг зөвлөж байна гэв.

М.Насан 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Гэрийн тусгаарлалт гэдгээс тархалт даамжирч бнаа Манайхаан нийгэм болоод бусаддаа гай битгий болоочээ Дэглэм сахих бус дэмий тэнэснээс дэгдэлт газар авч бнаа
2021-06-22