Б.Энхбаяр: Төрийн байгууллага машины тоо, ажилчдын цалингаа албаны нууцад оруулдаг
2021-06-22

 

Хууль зүйн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Нийтийн мэдээллийн тухай хуулийн төслийг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав. 

 

УИХ-ын гишүүн Н.Учрал:

 

-Нийтийн мэдээллийн тухай хууль гэдэг нэршилтэй санал нэгдэхгүй байгаа.  Нийтийн мэдээллийн хууль гэж нэрлээд зохицуулалт хийх гэхээр цахим орчин дахь мэдээллийг зохицуулах гээд байгаа юм шиг ойлголт төрүүлээд байна. Уг нь энэ бол төрийн цахим харилцааны буюу цахим засаглалыг хөгжүүлэх, төрийн мэдээллүүдийг хоорондоо солилцох хууль гэж ойлгоод байгаа. Энэ хууль дээр Цахим хөгжлийн үндэсний хороо гэж бүтэц нэмэхээр оруулж ирсэн. Цахим хөгжил яриад, цахим шилжилт хийе гэхээр хүн орон тоогоо нэмдэг, шинэ бүтэц бий болгодог болчихлоо. Цахим хөгжлийн үндэсний хороо гэдэг юмыг хуульчилж яах гээд байгаа юм бэ. Намар яамтай болно гэж ярьж байгаа. Гэтэл одоо агентлаг байгуулаад хэн нь хэнийгээ удирдах гээд байгаа юм бэ. Цахимаар үзүүлэх гэж байгаа eMongolia платформ амжилттай хэрэгжээд явж байна. Гэтэл дахиад энэ хууль дээр мэдээлэл өгөх байр л гэнэ, цаг аваад хүн ирдэг нөгөө л нэг чирэгдэл чинь дахиад явах гээд байна. Цааснаасаа цахим руу шилжинэ гэж байж юун мэдээлэл авах төв байгуулах болчихвоо.

 

ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг:

 

-Засгийн газрын тухай хуульд заасан журмын дагуу яам байгуулсан тохиолдолд үндэсний хороог татан буулгаад явах байх. Өнөөдрийн түвшинд энэ хороо Ерөнхий сайдын дэргэд ажилладаг, дэд бүтцийг холбох, тал талд гарч байгаа үр ашиггүй зардлыг бууруулах ач холбогдолтой.

 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

 

-Бүгдээрээ гоё ган хууль гаргаж болно. Энэ хуулиар ард иргэд байтугай УИХ-ын гишүүн мэдээлэл авч чадахгүй байна. 

 

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийнх дарга Б.Баасандорж: 

 

-Хуулийн төсөлтэй холбоотой асуудалд санал нэг байна. Ямар мэдээлэл нээлттэй байх, ямар нь хаалттай байх нь тодорхойгүй. Тийм учраас Нийтийн мэдээллийн хуулиар тодорхой тусгаж өгсөн. Тусгай хамгаалалттай газарт ашиглах гэрчилгээтэй мэдээлэл зэрэг 67 багц асуудлын мэдээллийг нээлттэй болгож өгч байгаа. 

 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

 

-Мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн хэрэгжилтийг бид дүгнэж үзэх ёстой. Төрийн нууцын тухай, Байгууллагын нууцын тухай хууль мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг няцаасан. Тиймээс Засгийн газар Төрийн болон байгууллагын нууцын тухай хуулийг оруулж ир. 

 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: 

 

-Төрийн байгууллага мэдээлэл өгөхөө больсон, байгууллагын нууц гээд. Асуулга тавихаар "албаны нууц" гэсэн тамгатай өгдөг. Тэнд нь нууцлаад байх зүйл байдаггүй. Тухайн төрийн байгууллагын машины тоо, ажилчдын цалин нууцалдаг. 

Shuud.mn
Сонин хачин
хэрвээ Яам байгуулдым бол Тэгээ л хэрэг байхгүй
2021-06-22