Л.Золбаатар: Х.Баттулга өндөр дэмжлэгтэйгээр бүрэн эрхийнхээ хугацааг дуусгаж байгаа
2021-06-23

Улс төрийн барометр судалгааг сар бүр тогтмол хийж олон нийтэд танилцуулдаг “МЭК” ХХК-ийн захирал Л.Золбаатартай ярилцлаа.

 

Х.БАТТУЛГЫГ НЭР ДЭВШИХ БОЛОМЖГҮЙ БОЛГОСОН ӨДӨР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ДҮН ҮНДСЭНДЭЭ ГАРЧИХСАН

 

-Анхны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш монголчууд 8 дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиа зохион байгууллаа. Энэ удаагийн сонгуулийн онцлог ямар байв?

 

-Онцлогийн талаар товчхон хэлэхэд, The Economist сэтгүүл дээр их хялбараар тайлбарласан нэг нийтлэл байна лээ. 6-р сарын 19-ны дугаар дээр гарсан тухайн нийтлэл / “ONE-HORSE RACE” The Economist, June 19th, 2021, US Edition, p.3-40/ дээр “өрсөлдөгчгүй уралдаан” болсныг онцолсон байгаа юм.  Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарч, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг нэр дэвших боломжгүй болгосон өдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн үндсэндээ гарчихсан гэсэн үг. Тэгэхээр МАН-ын намаас нэр дэвшиж байгаа У.Хүрэлсүх ямар ч байсан ялах байсан. Яагаад гэвэл өрсөлдөгчид нь тийм түвшний өрсөлдөх чадвартай байгаагүй.

 

-Тийм түвшний гэхээр?

 

-Яахав дээ. Д.Энхбатын хувьд бүгд танихгүй шүү дээ. Улаанбаатарт байгаа тодорхой хэмжээний хүмүүс, хөдөө орон нутгийн цөөхөн хүмүүс таньдаг. Сонгуулийн сурталчилгааны хугацаа буюу 14-20 хоногийн хугацаанд үндэсний хэмжээнд танигдах боломжгүй. Үндэсний хэмжээнд танигдаагүй хүн Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоод ч хэрэггүй байхгүй юу даа. Танигдаж чадаагүй, мэдэгдэхгүй хүн “тэмцэлдээд” нэмэргүй. Нөгөө талдаа Ардчилсан намаас нэр дэвшсэн С.Эрдэнэ. Тэр бас асуудалтай шүү дээ. Яг АН-ын дарга мөн юм уу, биш юм уу тийм ээ? Түүний хувьд олон нийтэд танигдсан хэдий ч дандаа муугаар танигдсан. С.Эрдэнэ бол ялах ямар ч боломжгүй байсан. Бидний таамаг бол С.Эрдэнийн эзлэх хувь 4 гэж тооцолсон ч 6 хувийн санал авсан байна лээ. Тэр бол цагаан сонголтоос нэг мянга гаруй хүнээр л илүү санал авсан байсан шүү дээ. Энэ бол АН-ын хувьд маш том хямралын илрэл байхгүй юу.

 

-Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдааны шийдвэр гарсан өдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн тодорхой болсон гэж хэллээ. Тэгэхээр гол өрсөлдөөн Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёрын хооронд болох байсан гэсэн үг үү?

 

-Хэрэв одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга АН-аас нэр дэвшсэн бол энэ бол бодит өрсөлдөөн байх байсан юм. Х.Баттулгын нэр дэвших боломжийг хязгаарласан учраас жишээ нь, морьны уралдаанд нэг морь уралдаад тэр нь түрүүлсэн гэсэн үг л дээ. Яг л тэр.

 

-2017 онд Ерөнхийлөгч Х.Баттулга 6-8 хувийн байнгын үнэлгээтэй байсан нь тухайн үеийн хамгийн өндөр дүн байсан гэсэн байна. Энэ үнэлгээ одоо өөрчлөгдсөн үү?

 

-2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр манайхаас бас судалгаа хийж байсан. Уг судалгаа нь ямар нэгэн захиалагчгүй, цэвэр өөрийн санхүүжилтээр хийгддэг. Тэр үед эхлээд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нэр дэвшигчдийн мэдээлэл гарангуут нэг судалгаа хийгээд дараа нь сонгуулиас 14 хоногийн өмнө дахин нэг судалгаа хийж байсан. Тэгэхэд Х.Баттулгын өсөлт нь М.Энхболдын өсөлтөөс өндөр байсан юм. Тэр үед Х.Баттулга ялах юм байна гэсэн хүлээлт бий болж эхэлж байсан байхгүй юу. Таны хэлсэн 6-8 хувийн байнгын үнэлгээ гэдэг бол анх энэ судалгааг 2014 оны намраас эхлээд сар бүр хийж байхад Х.Баттулгыг дэмждэг 6-8 хувийн хатуу дэмжигч нар байсан гэсэн үг юм. Хатуу дэмжигчийн хувь нь 6-8 хувь байсан юм. Тэр нь явсаар байгаад сүүлд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр өссөн. 2017 оны 8 сард анх Ерөнхийлөгч Х.Баттулгын үйл ажиллагааны үнэлгээг хийж эхэлсэн. Тэгэхэд 10-аас 7,2 хувийн үнэлгээтэй байсан. Дараа нь 9 сард 7,6 болж өссөн юм. Ингэж өсөхөд нөлөөлсөн зүйл нь Владивостокд Алс дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон явдал. Тэр үед ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Япон улсын Ерөнхий сайд  Абэ Шинзотой анх уулзсан. Монгол Улсыг гадаадад төлөөлсөн анхных нь том уулзалт байсан учраас өсөлтөд нөлөөлсөн. Түүнчлэн Х.Баттулга Ерөнхийлөгч болчихвол гэсэн хүлээлт иргэдийн дунд өндөр байсан. Тэр хүлээлт харьцангуй буурсан. Яагаад гэхээр Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хийж чадах зүйл нь хязгаарлагдмал байдагтай холбоотой. Ямар ч мундаг Ерөнхийлөгч байсан юу хийж болох вэ гэдэг нь хязгаарлагдмал байдаг. 2020 оны 3-4 сарын үед дахин өсөх хандлагатай болсон. Үүнд юу нөлөөлсөн бэ гэхээр Хятад улсад вирусын тархалт эрчимтэй нэмэгдэж, Уханьд хотод огцом өссөний дараа гадны бусад улс орон аюултай газар гэж байхад Манай улсаас 30 мянган хониор дэмжлэг үзүүлсэн нь дипломат байр суурьнаас оновчтой, үр дүнтэй үйлдэл байсан юм. Хамгийн сүүлд буюу энэ оны 6-р сард хийгдсэн судалгааны үр дүнгээс харахад Ерөнхийлөгч Х.Баттулгын үйл ажиллагааны үнэлгээ 7 хувьтай байна. Энэ бол анх гарч ирж байхдаа буюу 2017 оны үетэй ойрхон байгаа юм.

 

Өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг ч бид бас 2014 онд хэмжиж байсан. Тэрнээс ялгаатай нь Х.Баттулга өндөр дэмжлэгтэйгээр бүрэн эрхийнхээ хугацааг дуусгаж байна. Энэ бол Монголын түүхэнд Ерөнхийлөгчийн алба хашиж байсан хүмүүс дунд байгаагүй үзэгдэл.

 

“СӨРӨГ ХҮЧНИЙГ ИЛЭРХИЙЛЖ БАЙСАН ГАНЦ АЛБАН ТУШААЛТАН НЬ Х.БАТТУЛГА”

 

-Хамгийн сүүлд хийгдсэн судалгааны дүнгээр 7 хувийн өсөлттэй байна гэж байна. Энэ өсөлтөд юу нөлөөлөв?

 

-Үүнд хоёр хүчин зүйл нөлөөлж байна. Нэгдүгээрт, Х.Баттулга дэвшихээ больсон учраас түүний эсрэг ямарваа нэгэн дайралтууд байхгүй болсон. Хоёрдугаарт, харьцуулж үзэж байх шиг байна. Үндсэндээ 2017 оноос хойш бүх процесс дээр ганц сөрөг хүчин байсан хүн шүү дээ. Ардчилсан намын бүлэг төдийлөн сөрөг хүчин байж чадаагүй. Сөрөг хүчин байж чадаагүйн нэг илрэл нь 2020 оны УИХ-ын сонгуулиар “нам тавиулсан” явдал. Сөрөг хүчин гэж үнэлээгүй. МАН-тай УИХ дээр ганц үг дуугарч байсан нь Ерөнхийлөгч Х.Баттулга байсан. Сөрөг хүчнийг илэрхийлж байсан ганц албан тушаалтан нь болчихсон юм л даа. Хичнээн олон хориг тавьсан билээ. Хүлээн зөвшөөрөөгүй. Хамгийн сүүлчийн хориг 2021 оны улсын төсвийг хэлэлцэж байх үед ковидын эсрэг вакцины мөнгийг улсын төсөвтөө оруулаач ээ гэдэг үндэслэлээр хориг тавьж байсан. Тэрийг нь хүлээж аваад, вакцинаа эртхэн авчихсан бол нөхцөл байдал ийм байхгүй байсан байх.  

 

-Одоогийн Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны үнэлгээ судалгаагаар ямар гарсан бэ? Бас өмнөх Ерөнхийлөгч нарын үйл ажиллагааны үнэлгээ ямар байсан бол?

 

-Бид 2014 оны намраас хойш судалгаа хийж байгаа учраас Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байх үеийн үйл ажиллагааны үнэлгээг яръя л даа.  Ц.Элбэгдорж ажлаа өгөх үедээ 10-3,4 хувийн үнэлгээтэй байсан байна. Х.Баттулгын хувьд 10-7 хувьтай бууж байна. Улс төрчдийн хувьд хүлээлт өндөр байж болохгүй. Хичнээн мундаг хүн байсан ч Ерөнхийлөгчийн эрх мэдлийн хүрээнд шийдэж чадах юм байгаа чадахгүй юм байгаа. Тэрийг ялгаж үзэх хэрэгтэй.

 

-Ерөнхийлөгчийн эрх мэдлийн хүрээнд шийдэж чадах болон чадахгүй зүйлс байгаа юм байна.  Энэ улс төрчийнх нь рейтингд нөлөөлдөг үү?

 

- Х.Баттулга анх гарахад 7,6 хувь байсан үнэлгээ харьцангуй буурсан нь У.Хүрэлсүх дээр яг давтагдана. Бүүр илүү ч мэдрэгдэх байх. Яагаад гэхээр Ерөнхийлөгчийн эрх мэдлийн хүрээнд шийдэж чадах юм бага шүү дээ. Ялангуяа эдийн засгийн асуудлууд, гүйцэтгэх засаглалын асуудал бол хэцүү. Саяхан У.Хүрэлсүхийн PR-чид нэг том алдаа гаргаж байна лээ. “У.Хүрэлсүх чиглэл өглөө. Парадыг болиулъя гэсэн” гэж. Одоохондоо энэ хүн МАН-ын дарга. Чиглэл өгөөд байх албан тушаалтан биш байхгүй юу. Ерөнхийлөгч арай болоогүй байгаа шүү дээ. Х.Баттулгын хувьд их олон юман дээр санал гаргасан ч тэр саналыг нь авах боломжгүй гэдэг ч юм уу, эрх баригч нам тэрийг өөрийн хүслээр шийдэж байсан.

 

-Танайхаас судалгаа хийхдээ ямар аргачлалаар хийдэг юм бэ?

 

-Судалгааны мэдээллийг Улаанбаатар хотод оршин суудаг сонгуулийн насны 700-1000 иргэнээс сар бүр квотчилсон санамсаргүй түүврийн аргачлалаар түүвэрлэж цуглуулдаг. 2020 оны 3-р сараас хойш цар тахлаас шалтгаалж дандаа утсаар авч байна.

 

-Хамгийн сүүлд хийсэн судалгаагаар хувь улс төрчдийн тухайд иргэд ямар үнэлгээтэй байна?

 

-Хувь улс төрчдийн гэхээсээ илүү хялбараар хэлэхэд сайн болон муу улс төрчид гэж ярьвал дээр.

 

-Тэгвэл хамгийн сүүлд хийсэн судалгааны дүнгээр иргэдэд үйл ажиллагаа нь таалагддаг улс төрчид хэн хэн байв?

 

-“Та үйл ажиллагаа нь таалагдаж байгаа 3 улс төрчөө нэрлэнэ үү” гээд нээлттэй асуулга хийхэд Х.Баттулгын хувьд 30 орчим хувийн байнгын дэмжлэгтэй байна. Улаанбаатарчуудын 30 хувь нь Х.Баттулгыг байнга дэмждэг хүмүүс. У.Хүрэлсүхийн хувьд 2020 оны 3-р сард ковидын тархалт Монголд анх тархах үед рейтинг нь их өндөр байсан байгаа юм. Тэрнээс хойш тогтмол буурч байгаад сая Ерөнхийлөгчөөр сонгогдож байж 30 хувь дээр ирлээ.

 

-Иргэдэд үйл ажиллагаа нь таалагддаггүй улс төрчдийн тухайд?

 

-2017, 2018 оны үеэр С.Эрдэнэ энэ жагсаалтад байхгүй байсан юм. Яагаад орчихсон бэ гэхээр М.Энхболд, У.Хүрэлсүх хоёрын хоорондох, МАН-ын дотоод хэрүүлд С.Эрдэнэ М.Энхболдын талд гараад ирсэн. Яах гэж тэгсэн юм бүү мэд. МАН-ынхан хоорондоо хэрүүлээ хийж л байна биз. АН-ын дарга тэрэнд оролцох хэрэггүй байсан. Мань нөхөр орж ирээд М.Энхболдын талд орсноор  С.Эрдэнэ энэ жагсаалтад орж ирсэн. Ажигласан бол 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа буурсаар 12 сард мартагдчихсан байсан. Гэтэл АН-ын тамга тэмдэгний асуудал, хэрүүлээс болж Улаанбаатарчуудын 36 хувь нь түүнийг муу улс төрчийн анти рейтингийг тэргүүлүүлж байна. АН-ын хувьд их л таагүй зүйл. Бусад хүний тухайд Ц.Нямдорж байнгын байдаг. Ц.Элбэгдоржийн тухайд улс төрийнн идэвх гаргаад яриад эхлэхээр дээшээ өсдөг юм ярихгүй болохоороо мартагдаад эхэлдэг.

 

-Улс төрчдийн рейтингийн өсөлтийн шалтгаан нь голдуу юу байдаг вэ? Бас эсрэгээрээ уналтын?

 

-Хийж байгаа үйлдлүүд нь. Жишээ нь, У.Хүрэлсүхийн тухайд гэвэл 2020 оны 3 сард ковидын тархалт Монголд дэгдэхэд хүчтэй лидерээ тойрч, ард түмэнд сорилттой нүүр тулах байсан. “Сүргийн манлайгаа тойрч асуудлыг шийдье” гэсэн хүсэл эрмэлзлэл ард түмэнд байсан. Даанч тэр нь бага багаар буураад явчихсан л даа. Ард түмний анх хүссэн өндөр хүлээлтэнд нь нийцэхгүй байсан учраас уналт орж ирнэ. Хатуу дэмжигч гэдэг ойлголтыг хоёр хуваах хэрэгтэй. Х.Баттулгын хувьд байнгын 30 орчим хувийн дэмжигч байна гээд байгаа нь нэгдүгээрт, хувь хүний дүр төрх. Хоёрдугаарт, сөрөг хүчний функц биелүүлээд байгаад байгаа юм. Эрх баригчдын өөдөөс дуугарч байсан ганц хүн нь байхгүй юу. Иргэд тэрийг нь үнэлж байгаа юм. Чимээгүй болчихвол рейтинг буурна. Уханьд 30 мянган хонь өгөх үед түүний рейтинг өссөн. Харьцангуй буурах үеүүд бас байна. Өсөлт, бууралтын багахан савалгаанууд нь тухайн улс төрч идэвхитэй, өөрийн байр сууриа олон нийтэд илэрхийлж байна уу гэдгээс хамаарч байгаа юм.

 

-Одоо хамгийн өндөр рейтингтэй байгаа улс төрч гэвэл та хэнийг нэрлэхээр байна?

 

-Яг одоогийн судалгаагаар Ерөнхийлөгч Х.Баттулга хамгийн өндөр рейтингтэй байна.

 

-Улс төрийн намуудын талаарх судалгааны үр дүн ямар харагдаж байгаа бол? Сүүлийн үед АН дотроо хагаралтай байна гэсэн мэдээллээс шалтгаалж иргэдийн улс төрийн намд итгэх итгэл өөрчлөгдөж байна уу?

 

-Улс төрийн намын үйл ажиллагааг иргэд төдийлөн таатайгаар хүлээж авахаа больчихсон. АН-ыг ч тэр. МАН-ыг ч тэр.

 

-Шалтгаан нь?

 

-Намаар дамжиж эрх мэдэлд хүрч байгаа асуудлыг иргэд дэмжихгүй байгаа юм л даа. Яагаад гэвэлд албан тушаалд хүрэхийн тулд төр барьж байгаа намын гишүүн биш бол явахгүй болчихсон. Төрийн албан хаагчийн карьерийн хувьд ч тэр, бизнесийн хувьд ч тэр. Бизнесээ хөгжүүлэхийн тулд заавал намтай холбоотой байх хэрэгтэй болчихдог. Энэ тогтолцоог иргэд суурин дээрээ эсэргүүцээд байгаа юм л даа. Тэр нь ч зөв л байх. Ардчилсан нам хүчтэй болохгүй бол Хятад, Орос, Казахстан маягийн “хулхи” ардчиллын тогтолцоо руу явах аюултай. Саяын Ерөнхийлөгчийн сонгууль шиг л юм болох байхгүй юу даа. Нэг морьтой уралдаан шиг. Тэр нь ялж л байдаг тэ. Яг бодит өрсөлдөөн байхгүй. Өрсөлдөж байгаа юм шиг харагдсан болохоос өрсөлдөөгүй шүү дээ.

 

-МАН-ын хувьд анхаарал татсан асуудлууд байхгүй болохоор хүмүүсийн үнэлгээ тогтмол эсвэл өсөж байна уу?

 

-Үгүй. МАН-ын рейтинг ерөөсөө өсөөгүй. У.Хүрэлсүхийн рейтинг өндөр байсан болохоос биш МАН-ын рейтинг өндөр биш шүү дээ.

-Баярлалаа.

 

Б.Бат

Shuud.mn
Сонин хачин
Yamar ard tumen baina tiim udirdagch turdug gedgiig haruulsan Erunkhiilugch bailaa. Buduuleg teneg har massiin erunkhiilugch
2021-06-23
jigee:
Ter ued luivriig n medej bsn gev uu?
2021-06-23
зочин:
МАН хэзээ 1 БАЛАГТАА эзэн болох юм бол??? Монголчууд тэр өдрийг үзэхнүү?? 100 жил тарьсан балагтаа эзэн болдог ч болоосой энэ МАН. 100 жилд мөн ч их балаг тарьсан нам даа уг нь. Одоо залгаж буй залуус нь бүүр ч их балагтай гарууд л улам баллаад байхын. Нам нь таг. Баялагт эзэн болох гэсэн худалч луйварч дарга ангиа захирч БАЛАГТАА эзэн бол МАН. Шившиг . Хамгийн сүүлд гэхэд ковидыг БАЛАГ болголоо МАН. балагтаа эзэн бол МАН
2021-06-23