Буриадад ирэх сарын дунд хүртэл хатуу хөл хорио тогтооно
2021-06-24

Буриадад коронавирусийн цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн тул энэ сарын 27-ны өдрөөс долдугаар сарын 11-нийг дуустал хоёр долоо хоногийн хугацаатайгаар хатуу хөл хорио тогтоохоор болжээ. Энэ талаар Буриадын шуурхай штаб мэдээлсэн байна. 

 

"Бүгд Найрамдах Буриад Улсад зургадугаар сарын 27-ноос долдугаар сарын 11-ний өдөр хүртэл хатуу хөл хорио тогтооно. Нэн шаардлагатай ажил үйлчилгээ эрхэлдэг байгууллага, хүнсний дэлгүүр, нэн хэрэгцээт бараа бүтээгдэхүүн худалддаг худалдааны байгууллага, эмийн сан, орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээ, нийтийн тээвэр, хэвлэл мэдээллээс бусад бүх салбарын үйл ажиллагааг хориглосон. Ийм шийдвэр гаргах болсон нь таван долоо хоног дараалан хүндэрч буй тахлын нөхцөл байдлыг намжаах зорилготой" гэж Буриадын шуурхай штаб мэдээлжээ.

 

Түүнчлэн 14 хүртэлх насны хүүхдүүдийг гагцхүү насанд хүрсэн хүмүүсийн хамт гадаа гарахыг зөвшөөрсөн байна. Мөн Байгал нуур, Щучье нуур зэрэг хүмүүс олноор амарч зугаалдаг чиглэлүүд рүү хөдөлгөөн хязгаарлахаар болжээ.

 

Энд дуулгахад, 985 мянган хүн амтай Буриадад коронавирусийн халдварын тохиолдол зургадугаар сарын 23-ны байдлаар 42435 болсон байна. Нийт нас баралт 1066-д хүрснээс сүүлийн нэг хоногт 20 хүн нас баржээ. Одоогийн байдлаар коронавирусийн халдвартай 2866 өвчтөн эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд орны нөөц дуусаж байгаа гэнэ.

 

Буриадад тавдугаар сарын сүүлээр коронавирусийн халдварын тоо өсөж эхэлсэн. Тавдугаар сарын эхээр өдөрт 25 орчим тохиолдол бүртгэгдэж байсан бол зургадугаар сарын эхээр энэ үзүүлэлт 110-ыг давжээ. Тус улсын шуурхай штабын мэдээлснээр, Оросын бүс нутгууд дундаас Буриад улс өвчлөлийн тоогоороо Москвагийн дараа бичигдэж байгаа гэнэ.

 

Улмаар нөхцөл байдал хүндэрсэн тул өнгөрсөн долоо хоногт хязгаарлалтын арга хэмжээнүүдийг чангатгаж, усан сан, спа, худалдааны төвүүд дэх хоолны газрууд, хүүхдийн тоглоомын төв, цэцэрлэгт хүрээлэн, талбайг хааж, байгууллагуудыг ажилтнуудынхаа 30 хувийг зайнаас ажиллуулах, нийтийн хоолны газруудыг 21.00 цаг хүртэл ажиллах журам гаргаж байв. 

 

Буриадад ОХУ-д бүртгэгдсэн"Cпутник V", "Эпиваккорона" болон "Ковивак" вакцинаар дархлаажуулалтын ажил  эхэлсэн бөгөөд нийт 185 050 тун вакцин хүлээн авсан байна. Өнөөдрийн байдлаар эхний тунд 162 557 хүн хамрагдсан бол 126 418 хүн вакцины бүрэн тунд хамрагджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин