Япон Орост эсэргүүцэл илэрхийлэв
2021-06-24

Дорнод цэргийн тойргийн армийн корпус болон Номхон далай флотын хүчин Курилийн арлуудын өмнөд хэсэгт цэргийн сургуулилалт хийж байгаатай холбогдуулан Японы Засгийн газар ОХУ-д эсэргүүцэл илэрхийлжээ. Энэ талаар зургадугаар сарын 24-ний пүрэв гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр Японы сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Кацунобу Като мэдэгдсэн байна. 

 

"Хойд нутаг дэвсгэр дээрх (shuud.mn: Өмнөд Курилийн арлуудыг Японд ийнхүү нэрлэдэг) Оросын цэргүүдийн үйл ажиллагааг бид анхааралтай ажиглаж байна. Эдгээр арлууд дээр Оросын цэргүүд очиж, сургуулилалт явуулж байгаа нь манай байр суурьтай зөрчилдөж байгаатай холбоотойгоор бид зургадугаар сарын 23-ны өдөр дипломат сувгаар ОХУ-д эсэргүүцэл илэрхийлсэн" хэмээн Кацунобу Като мэдэгджээ. 

 

Сахалин, Итуруп, Кунашир арлууд болон Япон тэнгист 10 мянга гаруй цэргийн алба хаагч, 500 нэгж цэргийн техник, 12 хөлөг онгоц, усан онгоц оролцуулсан сургуулилалт эхэлж байгаа талаар Оросын Дорнод цэргийн тойрог лхагва гарагт мэдээлж байлаа. Арлын бүс дэх цэргийн сургуулилалт хоёр шаттайгаар тав хоног үргэлжлэх юм байна.

 

Энд дуулгахад, 1945 оны есдүгээр сарын 2-ны өдөр Япон улс Постдамын тунхагийн нөхцлийг хүлээн авч, үг дуугүй бууж өгөх актад гарын үсэг зурснаар дайн дууссан ч хоёр тал өнөө хэр нь  энхийн гэрээ байгуулаагүй юм. Үүний шалтгаан нь дайны дүнгээр Зөвлөлт Холбоот Улсын мэдэлд очсон Курилын арлуудын бүлэгт багатах Итуруп, Кунашир, Шикотан, Хабомаи арлуудтай холбоотойгоор хоёр орны хооронд газар нутгийн маргаан өнөө хүртэл үргэлжилдэгтэй холбоотой юм.

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин