Хойд Солонгос: АНУ-тай харилцах нь цагаа дэмий үрсэн хэрэг
2021-06-24

АНУ-тай харилцаа тогтоох нь ашиггүй тул Хойд Солонгос энэ тал дээр ямар нэг төлөвлөгөөгүй байгаа гэж БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Сон Гвон мэдэгджээ. Түүнчлэн АНУ түргэдсэн таамаглал, хүлээлтээсээ татгалзах ёстой гэж мэдэгдсэн Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны орлогч даргын байр суурийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. 

 

"Бид АНУ-тай ямар нэг холбоо харилцаа тогтоох боломжийг ч авч хэлэлцэхгүй байна. Энэ харилцаа ямар ч үр дүнгүй, үнэтэй цагийг л үрнэ" хэмээн Ри Сон Гвон мэдэгдсэнийг ТАСС дамжуулжээ.

 

Өмнө нь Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун мэдэгдэл хийхдээ улс орон нь АНУ-ын шинэ захиргаатай хэлэлцэх, сөргөлдөхийн аль алинд нь бэлэн байх ёстой хэмээн онцолж байлаа. АНУ-ын Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан энэ мэдэгдлийг "сонирхолтой дохио" гэсэн бол БНАСАУ-ын асуудал эрхэлсэн АНУ-ын тусгай төлөөлөгч үүнийг хоёр орны харилцаа нааштайгаар хөгжих үндэслэл гэж тайлбарлаж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин