Сурвалжлага: ПИ СИ АР шинжилгээний лабораторийн хүчин чадал хүрэлцэхгүй байна
2021-06-30

 

Халдварын нөхцөл байдал хүндэрсээр л байна. Дархлаажуулалтын ажил эрчимтэй өрнөж байгаа хэдий ч өнөөдрийг хүртэл нийгэмд сүргийн дархлаа тогтоогүй л байгаа. ЭМЯ, УОК-оос гаргасан чиглэлийн дагуу дархлаажуулалтын цэгүүдийн тоог нэмэгдүүлсэн ч түргэвчилсэн болон ПСР шинжилгээний цэг дүүрэг бүрд нэг нэг ажиллаж байна. Харин хувийн эмнэлгүүд ПСР шинжилгээг төлбөртэй авч байгаа. Тухайлбал,

 

  • Гялс төвд 125 500

  • Интермед эмнэлэгт 98 000

  • Итгэл эмнэлэг 60 000

  • Мөнгөн гүүр эмнэлэгт 92 000

  • Номун эмнэлэгт 90 000

 

Ай Ти Лаборатори 90 000 тус  тус  төгрөгийн өртөгтэй байна. Үнэтэй. Хувийн эмнэлгүүдэд ПСР шинжилгээ хэт үнэтэй, хувьсгалын цэгүүдийн цаг хязгаарлагдмал, дараалал нь гүйцэгдэхгүй. Иймд иргэдийн зүгээс түргэвчилсэн болон ПСР  шинжилгээний цэгийг нэмэгдүүлэх, хувийн эмнэлгүүд ПСР, түргэвчилсэн шинжилгээг үнэ төлбөргүй авахыг шаардаж байгаа. Ингээд шинжилгээний цэгүүдийн ачаалал, хүрэлцээ ямар байгаа талаар сурвалжлахаар Сүхбаатар дүүргийн 143-р цэцэрлэгт байрлах шинжилгээний цэгийг зорилоо. 

 

Нийслэлийн шинжилгээний явуулын болон суурин цэгүүд 09.00-12.00 цагийн хооронд ажилладаг. Бид 08.00 цагт шинжилгээний цэгт очив. Иргэд эрт иржээ.  Шинжилгээний цэгийн гадна дугаарлан зогссон иргэд 09.00 цагийг хүлээнэ. Хүмүүс нэмэгдэж ирсээр л байв. Энэ зуур, ПСР шинжилгээний цэгийг нэмэх хэрэгтэй байна, түргэвчилсэн шинжилгээ авч байна гэж тэд санал солилцоно.  Ажлын цаг эхлэхэд 20 минут үлджээ. Шинжилгээ өгөх иргэдийн дэс дарааллыг зохицуулж буй албан хаагчдад учир байдлаа тайлбарлав.

 

  • Хөөе, тэр сэтгүүлч нааш ир дээ Яасан гэнэ ээ, Хэнээс мэдээлэл авах гэж байгаа. Эмчтэйгээ ярьсан юм уу, Эрүүл мэндийн яамнаасаа мэдээлэл авч болохгүй юу?

  • -...Танай шинжилгээний цэгээс мэдээлэл авах гэж ирсэн юм. Эмчтэй яриагүй. Шууд сурвалжлага хийхээр ирлээ. Удахгүй ...

  • -Танай гээд байх юм. Улсын ажил. Бид ажлаа хийж байна.

  • -Аан за, ЭМЯ-ны шинжилгээний цэгээс ПСР шинжилгээ, ачаалал зэрэг цаг үеийн асуудлаар мэдээлэл авах гэсэн юм.

  • -Ачаалалтай байна. 140-150 хүн үзэж байхад эмч нарт яриа өгөх зав алга дараа нь ...

 

Бидний дунд ийм яриа өрнөсөн юм. Тэд ажилдаа түүртсэн, бухимдалтай байв. Бид хэн нэгний урдуур орж шинжилгээ өгөх гэсэнгүй, илүү зүйл хүссэнгүй, ажил эхлэхээс нь өмнө цаг үеийн мэдээлэл авах гэтэл бухимдалтай албан хаагчид тас загнуулав. Дараалал дайрлаа гэж эгч нарт зэмлүүлэв. Удалгүй “Тэр сэтгүүлчийг оруул даа” гэж өнөөх албан хаагч дуугарав. Ингээд Сүхбаатар дүүргийн 143-р цэцэрлэг  дэх шинжилгээний цэгийн зохион байгуулагч А.Батмөнхөөс лабораторийн ачаалал, хүрэлцээ ямар байгаа талаар тодрууллаа.

 

Тэрбээр, “Ачаалал их байна. Өдөрт 200-220 хүн түргэвчилсэн болон ПСР шинжилгээ өгч байна. Ерөнхийдөө ПСР шинжилгээний лабораторийн хүчин чадал хүрэлцэхгүй байгаа. Тиймээс ихэвчлэн түргэвчилсэн шинжилгээ өгч байгаа. Иргэд ч өөрсдийн  хүсэлтээрээ түргэвчилсэн тест өгч байна. Манай цэг хоёр сорьц авагч, нэг бүртгэгч, үйлчлэгч, зохион байгуулагч гээд нийт 5-6 хүн ажиллаж байна. Оюутнууд дайчлагдан ажиллаж байгаа. Лабораторийн хүчин чадлаас хамаарч  өчигдөр ПСР шинжилгээ аваагүй. Өнөөдрөөс цөөн тоогоор авах байх. ПСР шинжилгээ үнэгүй авч байгаа” гэв.

 

Дэлхий дахинаа коронавирусийн халдвар дэгдсээр жил гаруйгийн хугацаа өнгөрсөн бол манай улсад дотоодын халдвар бүртгэгдсэнээс хойш даруй найман сарын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд эрүүл мэндийн салбарынхан ачаалалтай, хүнд нөхцөлд ажиллаж буй. Эрүүл мэндийн салбар хүний нөөцийн дутагдалд орсныг Улсын онцгой комисс мэдэгдэж, сургууль цэцэрлэгийн эмч, анагаахын сургуулийн төгсөх курсын оюутнуудыг дайчлахаар болсноо мэдэгдсэн. Халдварыг даван туулахын тулд хаа хаанаа хичээж байгаа ч нөхцөл байдал амаргүй хэвээр л байна.

 

Гэтэл Засгийн газраас Үндэсний их баяр наадмыг цахимаар тэмдэглэх шийдвэр гаргасан. Иймд Ардын хувьсгалын 100  жилийн ойд зодоглох 1024 бөх, уяачид, унаач хүүхэд, урлаг соёлынхон, зохион байгуулагчид гээд л олон хүнээс түргэвчилсэн болон ПСР шинжилгээ авах болж эрүүл мэндийн салбарынхны ачааллыг ахиад нэмчихлээ. Харин нэг сайшаалтай зүйл нь Өвөрхангай, Дархан-Уул зэрэг аймгууд баяр наадам тэмдэглэхгүй байх шийдвэр гаргаж байна. Тун сайн. Цахим наадам тэмдэглэхэд зориулж буй төсвөөрөө ПСР шинжилгээний цэгийг нэмэгдүүлж, шаардлагатай тоног төхөөрөмж авбал хэтдээ хэрэгтэйсэн. Мөн эмч нар маань ч төрдөө гаргах бухимдлаа түмэндээ гаргахгүй биз. 

 

 

Г.Мичид

Shuud.mn
Сонин хачин