Тоглоомын талбайгаас Токио руу буюу олимпын тамирчин хүүхдүүд
2021-07-27

 

SHUUD.mn өмнө нь хамгийн дур булаам оролцогчид төдийгүй ах, эгч дүүсээрээ олимпод оролцож яваа тамирчид гээд олны анхаарлыг татахуйц тамирчдын талаар мэдээлэл хүргэж байсан. 

Токио-2020: Олимпын дэвжээнд алдраа дуурсгаж яваа АХ, ЭГЧ ДҮҮС

Токио-2020: Олимпын хамгийн дур булаам оролцогчид
 

Энэ удаа тоглоомын талбайнаасаа ч холдоод удаагүй гэмээр нас багатай ч дэлхийн шилдгүүд чуулдаг дэвжээн дээр насанд хүрэгчидтэй эн зэрэгцэн хүч чадлаа гайхуулж яваа олимпын тамирчин хүүхдүүдийн талаарх мэдээллийг хүргэж байна.

 

Хенд Заза (Сири, 12 настай)

Спортын төрөл: Ширээний теннис

 

Сирийн тамирчин охин Хенд Заза Токиогийн Олимпын наадамд оролцох эрхтэй болсноор олон дээд үзүүлэлтийг нэгэн зэрэг тогтоосон юм.

 

Нэгдүгээрт, тэрбээр ширээний теннисний төрөлд эх орноо төлөөлж буй анхны Сирийн тамирчин. Хоёрдугаарт, Хенд Заза тэмцээнд ялж, эрхээ авахдаа ердөө 11 настай байсан. Чухамхүү 11-хэн настайдаа Хенд Заза улсынхаа авархга болжээ.

 

Сирийн улс төрийн тогтворгүй нөхцөл байдлын улмаас жилд гуравхан тэмцээнд оролцож чаджээ. Харин улсынхаа аварга шалгаруулах тэмцээний шувтаргын шатанд өөрөөсөө дөрөв дахин ахмад өрсөлдөгчөө ялж, Токио руу явах эрхтэй болсон байна.

 

Момизи Нисия (Япон, 13 настай)

Спортын төрөл: Скейтборд

 


Момизи хамгийн залуу оролцогчдын нэг төдийгүй хамгийн залуу олимпын аваргуудын нэг болов. Өдгөө 13 настай скейтибордчин охин долдугаар сарын 26-ны өдөр эх орныхоо дэвжээн дээр, Олимпын скейтбордын төрөлд алтан медаль хүртсэн юм.

 

Тэрбээр 13 нас 330 хоногтойдоо Олимпын аварга болсноор хамгийн залуу олимпын аваргауудын жагсаалтад хоёрдугаарт бичигдэж байна. Түүний өмнө, Америкийн тамирчин Маржори Гестринг бичигдэж байгаа бөгөөд тэрбээр 1936 оны Берлиний олимпод усанд үсрэлтээр алтан медаль хүртэхдээ 13 нас 268 хоногтой байжээ.

 

Энэ төрөлд хоёрдугаар байранд орсон Бразилийн тамирчин Лил мөн л 13 настай, харин хүрэл медаль хүртсэн Накаями 16 настай аж. Энд дуулгахад, Токио-2020-оор скейтбордын тэмцээн анх удаа олимпын төрөлд багтаж байгаа юм. 

 

Скай Браун (Их Британи, 13 нас)
 

Спортын төрөл: Скейтборд

 

Скейтборд олимпын хамгийн залуу төрөл болсон. Тиймдээ ч энэ төрөлд хамгийн залуу тамирчид өрсөлдөхөөр цугларчээ. Тэдний нэг нь Британийн тамирчин Скай Браун юм. Тэрбээр Олимпын наадамд оролцож буй улсынхаа хамгийн залуу тамирчин болжээ.

 

Олимп болохоос нэг жилийн өмнө түүнд золгүй явдал тохиолдохоо шахсан гэдэг. Скай Браун бэлтгэлийн үеэр ноцтой гэмтэж, Токио руу явах эсэх нь эргэлзээтэй болсон гэнэ. Тэрбээр нэг үзүүлбэрийн бэлтгэлийн үеэр тогтож чадалгүй унаж, улмаар тархиа гэмтээн, гараа хугалжээ. Энэ талаар тамирчин охин ярихдаа "азаар амьд үлдсэн" хэмээсэн гэнэ. Азаар түүний бүхий л гэмтэл илааршиж, тэрбээр Токиог зорьсон байна. 

 


Цюань Хунчань (Хятад, 14 настай)

Спортын төрөл: Усанд үсрэлт

 

 

Усан спортын төрлөөр Хятадын шигшээ багт багтсан Цюань Хуанчань  14 настай. Түүнийг бараг усанд үсрэхдээ гарамгай, бүхий л элементүүдийг тун нарийвчлан чамбай хийдэг гэж спортын тоймчид магтдаг.

 

Кэти Граймс (АНУ, 15 настай)

Спортын төрөл: Усанд сэлэлт 

 

Америкийн усанд сэлэлтийн тамирчин Кэти Граймс мөн л анхныхаа олимпод оролцож байна. Тэрбээр домогт нутаг нэгтэн Кэти Ледекигийн олимпод ороллцсон насны дээд амжилтыг давтаж байгаа юм. Кети Ледеки 2012 онд Лондонгийн олимпод мөн л 15 настай оролцож, таван алтан медаль хүртэж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин