Талибууд Барууныхантай холбоотой афганчуудыг ангуучилж эхэлжээ
2021-08-20

Афганистанд бүрэн хяналтаа тогтоож, дайн дууссан хэмээн зарласан Талибан хөдөлгөөнийхөн АНУ, НАТО болон барууны хэвлэл мэдээлэл, бусад байгууллагуудтай хамтран ажилладаг афганчуудыг "ангуучилж" эхэлжээ. Сайн дураар бууж өгөхгүй бол амь насыг нь хөнөөнө хэмээн заналхийлж байгаа гэнэ. Энэ талаар ВВС агентлаг дамжуулсан байна. 

 

Наймдугаар сарын 15-ны өдөр талибууд Кабулд ирсний дараагаас энэ хотын нисэх буудал дээр үймээн, эмх замбараагүй байдал үүссэн юм. Афганчууд олон мянгаараа эх орноосоо дүрвэхийг оролдон, агаарын харилцаагүй болсон Кабулын нисэх буудал дээр олноор цугларсан хэвээр байна. АНУ тодорхой тооны дүрвэгчийг наймдугаар сарын 31 хүртэл нүүлгэн шилжүүлнэ гэж амалж, энэ ажил үргэлжилсээр байгаа юм.

 

Кабулын нисэх буудал дээр АНУ-ын Агаарын цэргийн хүчний тээврийн онгоцонд суухаар хүлээж буй афганчуудын аюулгүй байдлыг Америкийн цэргүүд хамгаалж байгаа аж. АНУ-ын Агаарын цэргийн хүчний цэргийн зэвсэглэлээр тоноглогдсон тийрэлтэт онгоцууд Кабул болон нисэх буудал дээгүүр нисэж, АНУ болон холбоотнуудын орнуудын иргэдийг Афганистанаас нүүлгэн шилжүүлэх ажлын аюулгүй байдлыг хангаж байгаа хэмээн Пентагон мэдэгджээ. Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн даргын мэдэгдсэнээр, сөнөөгч онгоцууд хот дээгүүр нам өндөрт нисэхгүй, гагцхүү дээрээс ажиглалт хийж байгаа гэнэ. 

Ням гарагаас эхлэн Америкийн цэргүүд Кабулын нисэх буудлаас АНУ-ын иргэн, энэ улсын холбоотон орнуудын иргэд болон афганчууд гээд нийт 7000 хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Харин Итали улс иргэдээ нүүлгэн шилжүүлж дууссанаа зарласан бол Британи нүүлгэн шилжүүлэх ажил төгсгөлийн шатанд явааг мэдэгджээ. Нисэх буудал дээр урьдын адил үймээнтэй хэвээр байгаа бөгөөд цэргүүд үе үе анхааруулга болгон хий буудаж байгаа талаар ВВС мэдээлсэн байна.

 

Афганистан талибуудад эзлэгдсэн хүндхэн нөхцөлд тус улсын Тусгаар тогтнолын өдөр тохиолоо. Наймдугаар сарын 19-ний өдөр Афганистаны Тусгаар тогтнолын 102 жилийн ойг тохиолдуулан хотуудад жагсаал болсон байна. Энэ жагсаалд оролцогчид төрийн далбаагаа барин алхацгаажээ. Энд дуулгахад, талибууд Кабулыг эзэлснээсээ хойш төрийн далбааг өөрсдийн далбаагаар сольж байгаа юм. 

Тусгаар тогтнолын өдөрт зориулсан олон жагсаалын нэг нь Пакистантай хил залгаа Кунар мужийн Асадабад хотод болсон байна. Энэ жагсаалын үеэр хэд хэдэн хүн амиа алджээ. Гэрчүүдийн өгүүлснээр, энэ жагсаалын үеэр "Талибан" хөдөлгөөний дайчид гал нээсэн гэнэ. Гэхдээ ийнхүү буудсан нь хүмүүс амь насаа алдах шалтгаан болсон эсвэл хүмүүс үймж цочирдсон олны хөлд дарагдан амиа алдсан эсэх  нь тодорхойгүй байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Америк болон бусад олон улсаас ирүүлсэн тусламжийг дарга нар нь илэж уусан аьилгагч улс болсон учир улс орон нт сөнөлөө гэж учир мэдэх хүмүүс бичиж байна жишээ нт генералмДостумын хаус ны доторхи тавилга ширээ сандал унитаз цул алтаар бүрсэн байсныг Талибаныхан гайхан харж байсан шүү Манай улс авилгагчдыг бүх хөрөнгийг хурааж бүх насаар нь хорих шийтгэл оноох ёстой байтал ганц жил суулган байцсан болоод гаргаад байгаа
2021-08-20
Иргэн:
Афганы тусгаар тогтнол жинхэнэ утгаараа одоо эхэлж буй юм биш үү
2021-08-20