Энэтхэгт өөр нэг аюулт вирус дэгдэж байна
2021-09-07

Энэтхэгийн Керала мужид үхлийн аюултай Нипах вирусийн шинж тэмдэг 11 хүнээс илэрчээ. Бүх өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой байгаа гэж мужийн Эрүүл мэндийн сайд Вина Жорж мэдэгдсэнийг РИА Новости дамжуулжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Кожикод эмнэлэг болон анагаахын коллежийн тусгаарлалтад байгаа 38 хүний 11-ээс нь ийнхүү үхлийн аюултай вирусийн шинж тэмдэг илэрсэн байна. Найман хүнээс авсан шинжилгээг Үндэсний вирус судлалын хүрээлэн рүү илгээжээ. 

 

Өвчлөл тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд эрүүл ахуйн хяналтыг чангатгаж, өвчтөнүүдийн хавьтал болсон бүхий л хүмүүсийг нарийвчлан шалгахыг Энэтхэгийн Эрүүл мэндийн яам даалгасан байна. Саяхан Керала мужид 12 настай хүү Нипах вирусийн улмаас нас барсан бөгөөд хүүтэй хавьтал болсон 250 гаруй хүнийг эмч нар шинжилгээ, үзлэгт хамруулж эхэлжээ. Энэтхэгт өмнө нь 2001, 2007 онуудад Баруун Бенгал, 2018 болон 2019 онуудад Керала мужид энэ вирус дэгдэж байсан аж.

 

Эргэн сануулахад, Нипах буюу NiV вирусээр үүсгэгдсэн цар тахал нүүрлэж болзошгүйг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ оны эхээр сэрэмжлүүлж байлаа. Энэ вирус анх 1999 онд Малайзийн Нипах гол дагуу амьдардаг гахайн фермерүүдийн дунд илэрсэн тул ийм нэр авсан байна. Үүний дараа Өмнөд Азид энэ өвчин 12 удаа дэгдэж байжээ. 

 

Вирусийн байгаалийн тээгч нь Өмнөд Хятад, Зүүн Өмнөд Ази, Шинэ Гвиней, Австралид өргөн тархсан, "нисдэг үнэг" гэж нэрлэгддэг нэгэн төрөл зүйл сарьсан багваахай аж. Түүнчлэн Африкт нутагладаг энэ амьтнаас ч дээрх вирус илэрчээ. Эрдэмтдийн тогтоосноор энэ вирусийн халдвараар өвдсөн гахайтай харьцах, сарьсан багваахайн ялгадсаар бохирдсон жимс хэрэглэх зэргээр шууд дамждаг байна. 

NiV вирусээр үүсгэгдсэн нас баралт 40-75 хувьтай байх бөгөөд энэ вирус маш хурдацтай тархдаг гэнэ. Өвчлөл шинж тэмдэггүй явагдаж болохын дээр үхлийн аюултай энцефалит үүсгэж болзошгүй аж. Энэ өвчнийг эдгээх эм хараахан бүтээгдээгүй  гэж The Guardian  мэдээллээ. 

Тиймээс энэ вирусийн тархалтаас сэргийлэхийн тулд дал мод болон хүнсний жимс ногооны талбай руу сарьсан багваахай орохоос сэргийлэх,шүүсийг буцалгаж хэрэглэх, жимсийг сайтар угаан, хальсыг нь авах, сарьсан багваахай хазсан ул мөр бүхий жимс идэхгүй байхыг анхааруулсан байна. Өвчинтэй амьтадтай харилцахдаа бээлий, хамгаалалтын хувцас өмсөхийг зөвлөжээ. 

Харин хүнээс хүнд дэмжих эрсдлийг бууруулахын тулд NiV вирусийн халдвартай хүнтэй харьцахаас зайлсхийх, гараа тогтмол угааж, хамгаалалтын хэрэгсэл ашиглахыг ДЭМБ зөвлөсөн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
vhjiisan sarisan bagvaihainuudiig bvgdiig ni alchval boldgvin baihdaa
2021-09-08