АНУ, Өмнөд Солонгост аюул учруулахгүй гэж БНАСАУ амлав
2021-09-28

НҮБ-ын дэргэдэх БНАСАУ-ын байнгын төлөөлөгч Ким Сон улс орныхоо нэрийн өмнөөс, АНУ, Өмнөд Солонгос болон хөрш орнууддаа аюул занал учруулахгүй хэмээн амлажээ. Энэ талаар тэрбээр НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганы үеэр мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжууллаа. 

 

"БНАСАУ шиг байнгын дайны аюул занал дор оршиж байгаа өөр улс дэлхий дээр байхгүй. Бид түрэмгий дайныг тогтоон барьж, өөрсдийгөө хамгаалах батлан хамгаалахын хууль ёсны эрхээ ойлгож байгаа. Бид АНУ, Өмнөд Солонгос болон хөрш орнуудаа хэзээ ч аюулд учруулахгүй" хэмээн Ким Сон мэдэгджээ.

 

Түүнчлэн тэрбээр АНУ болон Өмнөд Солонгосын талаас ирэх цэргийн аюул занал байнга нэмэгдэж байгааг онцлоод, энэ хоёр орон шинэ зэвсэглэл боловсруулах, байршуулах замаар Солонгосын хойг дахь хүчний тэнцвэрийг алдагдуулахаар хичээж байна хэмээн мэдэгдсэн байна.

 

"АНУ хэт дуунаас хурдан зэвсэг, шинэ үеийн тив алгасах баллистик пуужин, стратегийн цөмийн бөмбөгдөгч боловсруулахын тулд асар их, 700 тэрбум гаруй доллар зарцуулж байна. Энэ бүх зэвсэглэл нь ирээдүйд дайн гарвал БНАСАУ-ын эсрэг ашиглахад чиглэгдсэн" хэмээн Ким Сон мэдэгджээ.

 

Ким Сон  "хүчирхэг довтолгооны хэрэгслүүд" Хойд Солонгост бий ч эдгээрийг Пхеньян ашиглах хүсэлгүй хэмээн онцолсон байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин