COVID-19: Вакцин тариулаагүй эмнэлгийн ажилтнуудыг ажлаас нь хална
2021-09-29

Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужид коронавирусийн халдвараас сэргийлэх тарилга хийлгээгүй эмнэлгийн ажилтнуудыг ажлаас нь халж эхэлжээ. Энэ талаар тус мужийн Эрүүл мэндийн сайд Брэд Хаззард мэдэгдсэн байна.

 

Түүний өгүүлснээр, вакцин тариулаагүй л бол улсын, хувийн хэвшлээс үл хамааран эмнэлгийн ажилтнуудыг халж байгаа гэнэ. Шинэ Өмнөд Уэльс мужид эмнэлгийн ажилтнууд есдүгээр сарын 30-ны дотор коронавирусээс урьдчилан сэргийлэх тарилгад хамрагдах ёстой байсан аж. 

 

Энд дуулгахад, 25 сая гаруй хүн амтай Австралид коронавирусийн халдвар тун бага, нийтдээ 101 мянга л бүртгэгдсэн бол халдвараас үүдэлтэй хүндрэлээр 1256 өвчтөн нас баржээ. 2021 оны зургадугаар сард тус улсад коронавирусийн тархалтын шинэ давалгаа эхэлж, эрх баригчид иргэдээ дархлаажуулах ажлыг идэвхжүүлсэн юм. Сүүлийн үеийн мэдээллээр Австралийн хүн амын 77 хувь нь вакцинд хамрагджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин