Америкийн цэргийн бааз пуужингийн дайралтад өртжээ
2021-10-21

Сирийн Эт-Танф хотод байрлах АНУ болон барууны эвслийн цэргийн бааз пуужингийн дайралтад өртсөн талаар "Аль-Маядин" суваг дамжуулжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, лхагва гарагт Америкийн цэргийн бааз пуужин болон дроны цохилтод өртсөн байна. Цэргийн байр болон аж ахуйн барилгуудад цохилт өгснөөр гал гарчээ. Харин бие бүрэлдэхүүний хохирол гарсан талаарх мэдээлэл одоогоор гараагүй гэж ТАСС мэдээлсэн байна. 

 

Эт-Танф дахь баазыг пуужингаар харвасан гэсэн мэдээллийг Багдад дахь АНУ-ын цэргийн командлалын төлөөлөгч баталжээ. Түүний өгүүлснээр, энэ цохилтыг таван дроноор гүйцэтгэсэн гэнэ. 

 

Энд дуулгахад, лхагва гарагт Сирийн Дамаск хотод сүүлийн жилүүдэд гараагүй томоохон алан хядах ажиллагаа болсон юм. Цэргийн алба хаагчдын сууж явсан автобусыг гар хийцийн бөмбөгөөр дэлбэлж, улмаар энэ халдлагын улмаас 14 хүн амиа алджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин