Эхлээд ойгоо хамгаалъя!
2021-11-02

Нугалаа, завхрал

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэх зарлиг гаргасны дагуу улс төрчид, төрийн байгуулгын дарга нар А талбайд ургаж байсан моддыг суга тасдаж аваад Б талбайд аваачин сүр бараатайгаар, тууз хайчлан булах, түүнийгээ асар их ажил амжуулж, байгал дэлхийгээ аварчихаж байгаа мэтээр сурталдах их ажил ундарлаа. Асуудлын мөн чанар, утга учрыг олохоосоо илүүтэйгээр үзэгдэх байдлаа чухалчлан, улс төрийн оноо авахад тэмүүлэх монголын ээлжит улс төрийн нугалаа завхрал ийнхүү эхэлж байна. Уг нь Ерөнхийлөгч зарлигтаа юу хийх ёстойг нь тов тодорхой чиглүүлж өгчээ.

 

• Жил бүр Монгол Улсын ДНБ-ний 1 хувиас доошгүй хөрөнгийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг үйл ажиллагаанд зарцуулах,

 

• Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх үндэсний цогц хөтөлбөр, стратеги гарган хэрэгжүүлэх,

 

• Ойн агентлаг болон ойн аж ахуйн нэгжийг байгуулах, агро-ойг хөгжүүлэх, мод тарьж ургуулахад шаардагдах усны нөөцийг бүрдүүлэх

 

 

Чиглэл өгөөд байхад өөр зүгт зүтгэж, хийрхэл сүржигнэлийн уралдаан болгоод байгаа дарганцруудыг одоо нугалаа гаргаж байгаагийнх нь төлөө “буудчихсан” нь өлзийтэй болох байх. Учир нь нугалаа завхрал аливаа сайхан санал санаачлагыг нэгмөсөн булшилчихдаг зүй тогтолтой юм.

 

УИХ-ын Төсвийн байнгын хороо гэхэд ой хамгаалах чиглэлээр 2022 оны төсөвт суулгасан зардлуудыг танах чиглэл баримталж байгаа аж. Аргаа барсан арван гурван УИХ-ын гишүүн “төсвийг нь битгий танаач ээ, харин дутаж байгаа тул нэмэх арга бодооч” гэх агуулгатай албан бичгийг Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатарт илгээсэн байна. Сангийн сайд төсвийг танах эсвэл тусгахгүй байх эсэх нь Ч.Хүрэлбаатар тэргүүтэй Төсвийн байнгын хорооноос хамаарах болчихоод байгаа хэрэг.

 

Юу хийх вэ?

 

Мод шилжүүлэн суулгах бус Ойжуулах, ойгоо хамгаалах нь эн тэргүүний стратеги байх ёстой. Учир нь мод ургаж байсан, мод ургаж байгаа газарт л мод сайн ургадаг жамтай. Байгал эхийн ургуулж хүчрээгүй газар мод тарих гэж зүтгэх нь асар их хүчин чармайлт, арчилгаа шаарддаг ажээ.

 

Байгаа жаахан ойгоо хамгаалах, тордох замаар түүнийгээ тэлэх, арвижуулах нь баталгаатай тэрбум мод ургуулах зам мөн. Үүнийг Сэлэнгэ аймаг дах Тужийн нарсан ойн түүх бэлээхэн нотлоно. 1990 оны дараах хомхойрлын шуурганд өртөж сөнөх дээрээ тулж байсан ойг 2002 онд УИХ-ын 39 дүгээр тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авчээ. Ингээд 7500 орчим га талбайд нөхөн сэргээлт хийсний үр дүнд ойн 40-50 хувь нь сэргэсэн юм. Одоо Тужийн нарс залуу ой болон ногоорч байгаа. 2003 оноос энд 1054 га газарт ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажил хийгджээ.

 

Манай ойн бүрхүүл нийт нутгийн 7,9 хувь буюу 12,4 сая га талбайг эзэлдэг. Ойн бүрхүүлийн 85 хувийг навчит, шилмүүст ой, 15 хувийг загийн ой бүрдүүлж байна. 15 аймгийн 107 сумын ойг хамруулсан судалгаагаар ойн сангийн 780 мянган га талбай хортон шавьжийн хөнөөлд өртсөн нь тогтоогджээ. Навчит, шилмүүст ойн 591.1 мян.га талбай хөнөөлт шавжид идүүлж, мөхөх шахсан байдалд байна.

 

Гэтэл улсын төсөвт сүүлийн 2 жил дараалан ойн хортон шавьж устгах зардлыг суулгаагүй юм. Энэ жил гэхэд Богд хан уулын хортон шавьж устгалыг MCS компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд санхүүжүүлсэн байх юм. Гайхалтай нь шавьж устгалын дараа ой маш хурдан сэргэж 2-6 сарын дараа ногоордог аж.

 

Хэрвээ ойгоо хамгаалахгүй юм бол, хортон шавьжийг нь устгахгүй юм бол 15 жилийн дараа гэхэд Монгол улс ойгүй болох эрсдэл нүүрлэсэн байна. Яаралтай хортон шавьж устгалыг эн тэргүүний стратеги гэж тооцон эрчимтэйгээр тэмцэл хийхгүй бол оройтох нь. Ой хамгааллыг төрийн үүрэг, хариуцлага бус аж ахуйн нэгжийн буяны үйлст найдан орхиж хэрхэвч болохгүй!

 

Уулын бугыг хараад унасан бухаа мартав гэх ардын хэлц үг бий. Модны суулгацыг хараад хөөрч туг далбаа мандуулан, шилжүүлэн суулгахаар яарахын оронд байгаа жаахан ойгоо шавьжнаас хамгаалаач! Цөлжилттэй тэмцэх нь цөлд л хийгдэх ёстой ажил биш гэдгийг ухаараач! Бид ойгоо аварч хамгаалаад, талбайг нь тэлж томруулж чадах аваас энэ нь цөлжилттэй хийж байгаа хамгийн том тэмцэл болохыг ойлгохоос “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхлэнэ.

 

Байгал эхийн тусламж, өгөөж их. Ой мод нь ус хуримтлуулах, тогтоон барих замаар усны хуримтлалыг үүсгэх чадвартай. Тийм учраас байгаа ойгоо хамгаалж тэлэх нь бэлэн өгөгдөл, боломжыг өсгөж тэлж байгаа хэрэг юм. Байгалийн ургуулсан модыг арчилж чадахгүй байж шинээр ой үүсгэнэ гэж хөөрцөглөх нь өөрсдийгөө хуурч байгаагаас өөрцгүй хийрхэл шүү. Байгаа тэрбум тэрбум модоо хорхойд идүүлэнгээ шинээр тэрбумыг тарьна гэвэл тэнэглэл л болно.

 

Хятадын ойжуулалтын туршлагаас харахад мод ургаж байгаагүй газар мод тарих нь асар өндөр өртөгтэй тусдаг байна. Үүнээс гадна хэдэн сая жилээр тогтсон бичил орчныг эвдэх, өөрчлөлт оруулах эрсдэл тулгардаг ажээ. Тийм болохоор үндэсний хөдөлгөөний тэргүүн стратеги нь ОЙГОО АВРАХ! Дараагийн стратеги нь ойгоо тэлэх, арвижуулах байх ёстой. Ургуулж байгаа ойн усалгааг хэрхэн хийх гэдэг бас том стратеги. Бэлээхэн туршлага шийдлүүд бий. Мөсөн суврага, үрийн бөмбөлөг зэрэг инновациуд дэлхий дээр амжилттай тархсан.

 

Юуны өмнө л байгаа ойгоо эрүүлжүүлье, хамгаалъя. Үгүй бол хэдийг ч тариад нэмэргүй.

 

М.Сугар

Shuud.mn
Сонин хачин
ЯНАГ УХНА ХҮРЭЛСҮХ:
Үгүй ээ. Эхлээд ойгоо устгаж талбай гаргаад тэгээд нэг тэрбум модоо тарина.
2021-11-03
Зөв. Наадахаа тэр модны алерги тусцан хууль бус хүүрэнсүгд очиж хэлээрэй. Уулнаас хэдэн зуугаар нь тасдаж авчраад байгаа шүү наад цүнх баригч нар нь ок?
2021-11-02
Хүрэлсүх нэг иймэрхүү л юм санаачилж нэгийг нөгөөгөөр устгуулж байгаам даа.
2021-11-02
Уншигч:
За ёстой загатнасан газар маажив гэдэг боллоо. Бид жилд хэдэн га газар мод тарьж чадах билээ, хэд нь ургах билээ гэдгийг жил тутам өвчин хортонд идэгдсэн, түймэрт өртсөн, огтолсон модны хэмжээтэй харьцуулбал маш сонин дүр зураг харагдана. Иймд юуны өмнө ойгоо хамгаалах асуудалдаа цэгцлэх саналыг дэмжиж байнаа. Мөн тогтоолын заалт бүрийг хэрэгжүүлэх талаар хариуцсан мэргэжлийн хүмүүс нь эхнээсээ анхаараасай.
2021-11-02