Дэлхий даяар хүнсний үнэ өсөж, ядуус хохирч байна
2021-11-06

Дэлхий даяар хүнсний үнэ сүүлийн 10 жилийн хугацаанд тохиож байгаагүй хамгийн өндөр үзүүлэлтэд хүрсэн талаар НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага мэдээлжээ. 

 

Сүүлийн жилд, хүнсний бүтээгдэхүүний үнэ 30 хувиар, ургамлын тосны үнэ 10 дугаар сард 10 хувиар өссөн нь сүүлийн 10 жилийн хамгийн өндөр өсөлт гэнэ. НҮБ-ын мэдээлснээр, нийлүүлэлт тасалдах, түүхий эдийн үнэ өсөх, үйлдвэр хаагдах болон улс төрийн тогтворгүй нөхцөл байдал гээд олон хүчин зүйл хүнсний үнэ өсөхөд нөлөөлжээ. 

 

Өнгөрсөн онтой харьцуулахад үр тариан үнэ 22 хувиар өссөн байна. Улаан буудайн үнэ эрс өссөн нь энэхүү үзүүлэлтэд нөлөөлжээ. НҮБ-ын мэдэгдсэнээр, Канад, Хятад, Орос зэрэг томоохон экспортлогчид ургац муу авсны улмаас улаан буудайн үнэ 40 хувиар нэмэгдсэн байна.

 

ВВС агентлагийн мэдээлснээр, Орост үр тариан ургац өнгөрсөн жилийн үзүүлэлтэд хүрэхгүй байгаа гэнэ. Тус улс 127 сая тонн ургац хураана гэж Оросын Хөдөө аж ахуйн яам таамаглаж байгаа бөгөөд харин өнгөрсөн жилд Орос улс 133 сая гаруй тонн үр тариа хураан авчээ. Зарим бүс нутгуудад ган гачиг нүүрлэсний улмаас ургац муу байгааг шинжээчид онцолсон байна. 

 

Ядуус хохирч байна

 

НҮБ-ын Хүнсний байгууллагын мэдээлснээр, наргил мод, бууцай, наран цэцэг болон рапсын тосны өртөг өссөний улмаас ургамлын тосны үнэ нэмэгджээ. Наргил модны тосны тухайд гэвэл гол нийлүүлэгч Малайзд үйлдвэрлэлийн хэмжээ буурсан нь үнэ өсөхөд нөлөөлсөн гэнэ. Коронавирусийн халдварын улмаас улс орнууд хилээ хааж, цагаач ажилчид дутагдалтай болсны улмаас Малайзд тосны үйлдвэрлэл эрс буурчээ.

 

Ажиллах хүчний хомстол бусад орнуудад ч хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх, тээвэрлэх зардал нэмэгдэхэд нөлөөлж байгаа гэнэ. Тухайлбал, Австралид бүтээгдэхүүн тээвэрлэх олон хөлөг онгоц ирсэн ч цар тахлын улмаас ажилчид нь ирээгүй, хүн хүч хангалтгүй байгаа аж.

 

Үнийн өсөлтийг хамгийн ихээр тусгаж авч байгаа хүмүүс нь орлого багатай бүлгийнхэн бөгөөд энэ нь тэднийг улам л ядууруулж, нийгэм болон улс төрийн хямралыг даамжруулж мэднэ гэж НҮБ анхааруулжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин