Дархан-Уул аймагт хийн түлш дэлбэрсэн шалтгааныг тодруулна
2012-01-23

Дархан-Уул аймагт хийн түлш дэлбэрч гурван хүн гэмтэж, олон арван айл орон гэргүй боллоо гэсэн  эх сурвалжийн мэдээлэл  өчигдөр манай сайтад ирсэн билээ.  Тэр даруй  манай редакцаас тус аймгийн  Онцгой байдлын газрын Мэдээлэл харилцаа холбооны мэргэжилтэн Т.Ууганбаяраас бодит мэдээлийг авч уншигчдад хүргэсэн юм. Албаны эх сурвалж болон нутгийн иргэдийн өгсөн мэдээллээр тус аймгийн арванхоёрдугаар багийн арвандөрөвдүгээр байрны долдугаар давхрын оршин суугчийн гэрт  уржигдар 21.00 цагийн үед таван литрийн баллонтой хийн түлш дэлбэрсэн юм. Өнөөдрийн өглөөний байдлаар тус байрны айлуудыг  ойролцоох цэцэрлэг рүү бүрэн   нүүлгэн шилжүүлсэн байна. Түүнчлэн осолд өртсөн 22-54 насны гурван хүний хоёрынх нь биеийн байдал маш хүнд эрчимт эмчилгээнд оржээ. Хийн түлш дэлбэрсний дараа тус байрны долоо, зургаадугаар давхрын айлуудын хана цуурч, цонх хагарсан мөн дулааны шугам задарч ус алдсан байдалтай байсан тул бүх айлуудыг нүүлгэн шилжүүлэхээс өөр аргагүйд хүрсэн аж. Уржигдар шөнийн 21.15 цагаас эхэлж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 22,54-р ангийн бие бүрэлдэхүүн тус аймгийн цагдаагийн хэлтсийн албан хаагчдаас бүрдсэн баг ослын газарт ажиллаж байгаа юм. Бидэнд байгаа эхний мэдээллээр осолд өртсөн айлд “Дашваанжил” компанийн  таван литрийн хоёр ширхэг хийн түлш байсны нэг нь дэлбэрчээ.  Түүнчлэн ослын шалтгааныг тодруулахаар Мэргэжлийн хяналтын газар, онцгой байдлын шинжээчдийн баг өчигдөр Улаанбаатар хотоос  Дархан-Уул аймгийг зорьсон юм. Дээрх мэргэжилтнүүд хийн түлш дэлбэрсэн  шалтгааныг тогтоохоор одоогоор  хэргийн газарт ажиллаж байна. Өнөөдөр тэд  урьдчилсэн байдлаар шинжээчийн дүгнэлт гарна гэсэн мэдээллийг албаны эх сурвалж өгч байна. Уншигчдаас утсаар  ирж буй мэдээллээр бол “Дашваанжил” компанийн хийн түлш анх удаагаа дэлбэрч байгаа биш гэнэ. Тухайлбал  өмнө нь Баянгол  “Бостон” клубын цайны газарт хийн түлш  дэлбэрч байсан гэнэ. Тухайн үед  азаар хүний амь нас хохироогүй ч дэлбэрэлтийн улмаас их хэмжээний гал гарч, орчин тойрны аюулгүй байдлыг ихэд алдагдуулж байсан аж. Хийн түлш дэлбэрэх болсон шалтгааныг мэргэжлийн байгууллагаас  "Дашваанжил"  компанийн хийн түлшний  бортогоны дамжуулах гуурснаас хий алдан гал гарч дэлбэрсэн гэсэн дүгнэлт гаргаж байжээ.  Уг компани нь монголд үйл ажиллагаа явуулж буй нийтийн хоол, гэр ахуй, үйлдвэрлэлийн салбар дахь нийт хийн хэрэглээний 60 шахам хувийг нийлүүлдэг юм байна. Н.Түвшин
Shuud.mn
Сонин хачин
Монгол:
ЭНЭ ГАЗ ХЭРЭГЛЭЭГ МАШ ЖУРАМТАЙ БОЛГОХГҮЙ БОЛ БОЛОХГҮЙ ШҮҮ. ЭНЭ ТАЛААРХИ ХҮМҮҮСИЙН МЭДЛЭГ МАШ ДОРОЙ БАЙГАА. МӨН НИЙЛҮҮЛЭГЧ КОМПАНИ НЬ ХҮРТЭЛ ХЭТ МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ ЯВЖ БАЙНА. ТАНАЙ БАЙРАНД ИЙМ ГАЗ ХЭРЭГЛЭЖ БАЙГАА ХЭДЭН АЙЛ БИЙГ ТА МЭДЭХ ҮҮ? МЭДЭХГҮЙ. ТИЙМД ТА БИД ИЙМ АЮУЛТАЙ БАЙДАЛД ОЙРХОН БАЙНА ГЭСЭН ҮГ
2012-01-23