Бээжин-2022: Дипломат бойкотод Австрали нэгдлээ
2021-12-08

Ирэх оны хоёрдугаар сард Хятадын Бээжин хотноо болох Өвлийн олимпын наадмыг барууны орнууд бойкотлохоор төлөвлөж байгаа талаарх мэдээллүүд өмнө нь гарч байсан. Улмаар АНУ Бээжин-2022 наадмыг дипломатаар бойкотлож байгаагаа энэ сарын зургааны өдөр зарласан юм. Энэ бойкотод Австрали улс нэгджээ. 

 

"Австралийн Засгийн газрын албаны этгээдүүд Хятад руу энэ наадамд оролцохоор очихгүй. Гэхдээ Австралийн тамирчид тэмцээнд оролцоно" хэмээн Ерөнхий сайд Скотт Моррисон мэдэгдсэнийг  The Sydney Morning Herald сонин мэдээлжээ. Мөн Шинжаанд хүний эрхийг зөрчиж байгаа, Австралийн эсрэг БНХАУ худалдааны хориг арга хэмжээ тавьсныг Моррисон онцолсон байна.

 

Энд дуулгахад, Хятадын нийслэл Бээжин хотноо болох Өвлийн олимпыг АНУ бойкотлож байгаагаа 12 дугаар сарын зургааны өдөр мэдэгдсэн. Ингэснээр АНУ-ын тамирчид олимп, паралимпийн наадамд оролцох ч албаны этгээдүүд наадмын арга хэмжээнд оролцохгүй юм. Энэ нь "Шинжаан Уйгур дахь геноцид болон бусад хүний эрхийн зөрчил"-өөс үүдэлтэй гэж АНУ мэдэгдсэн. АНУ-ын энэхүү мэдэгдлийн дараа Вашингтон дахь БНХАУ-ын ЭСЯ "Америкийн албаныхан олимпод оролцох эсэх нь олимпыг амжилттай зохион байгуулахад огт нөлөөлөхгүй" гэж мэдэгдэж байлаа. 

 

АНУ-ын мэдэгдлийн дараа Олон улсын олимпын хороо тайлбар өгсөн юм. ОУОХ Вашингтоны шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байгаагийн дээр аливаа орны төрийн албан тушаалтнууд, дипломатууд олимпын наадамд оролцох эсэх нь улс орон бүрийн хувийн хэрэг гэж мэдэгдсэн байна. 

БНХАУ: Америкийн төлөөлөгчид оролцох эсэх нь Олимпын амжилтад нөлөөлөхгүй

БНХАУ: Олимпыг улс төржүүлэхээ зогсоохгүй бол АНУ-д хариу барина

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин