Хятадад мод тайрах шийдвэр гаргасан албан тушаалтнуудыг халжээ
2021-12-15

Хятадад мод тайрах шийдвэр гаргасан 10 албан тушаалтнуудад хариуцлага тооцсон талаар Жэнминь Жибао сонин мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Гуандун мужийн эрх баригчид мужийн ойн аж ахуйн газрын дарга зэрэг таван өндөр албан тушаалтныг ажлаас нь халж, Гуанжоугийн намын хорооны орлогч нарийн бичгийн дарга гэсэн бусад албан тушаалтнуудад хатуу сануулга өгчээ. Ийнхүү шийтгэх болсон нь хот тохижилтын хүрээнд бодь мод тайрах шийдвэрийг албан тушаалтнууд гаргасантай холбоотой аж. 

 

Хот тохижилтын төслийн хүрээнд мод тайрах шийдвэрийг олон нийт ихээр шүүмжлэн, дургүйцэн хүлээж авсан байна.

 

Албан тушаалтнууд төслийн хүрээнд баньян хэмээх моддыг тайрснаар хотын харагдах орчин илүү таатай болохын дээр эдгээр төрлийн мод нь цаг уурын таагүй нөхцлийг даван гарч чаддаггүй тул хар салхи, шуурганы үеэр учирж болзошгүй хохирлыг бууруулах зорилготой байсан гэж тайлбарлажээ.

 

Гуанжоу хотод 270 мянга гаруй бодь мод ургадаг нь энэ хотын ногоон байгууламжийн 47 хувийг эзэлдэг байна. Харин ногоон байгууламжийн томоохон хэсгийг эзлэж буй энэ модыг тайрах шийдвэр гаргасанд нутгийн оршин суугчид дургүйцэж, Гуанжоу хотод бүгчим халуун зун болох үеэр өндөр, сүүдэртэй эдгээр мод л хүмүүсийг авардаг гэж албан тушаалтнуудыг шүүмжилжээ. Түүнчлэн хотын ландшафтыг өөрчлөх бол иргэдийн ашиг сонирхлыг тооцох ёстой гэж үзэж байгаагаа хотын оршин суугчид илэрхийлсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин