Орос, Монгол хамтран хүүхдийн одон орны зуслан байгуулна
2021-12-15

ОХУ-ын Эрхүүгийн одон орон судлалын төв, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэн болон "Астропарк" сансар судлалын хүрээлэн хамтран хүүхдүүдэд зориулсан одон орны зуслан зохион байгуулахаар төлөвлөжээ. 

 

Тодруулбал, 2022 оны долдугаар сард Хүрэл тогоот одон орон судлалын төвийг тулгуурлан Монгол, Оросын сурагчдад зориулсан "Нэгэн тэнгэр дор" олон улсын одон орны зуслан зохион байгуулах эрмэлзлийн протоколд талууд 12 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хот дахь Оросын Соёл Шинжлэх Ухааны төвд гарын үсэг зурсан байна. 

 

Энэ баримт бичигт Эрхүүгийн одон орон судлалын төвийн захирал Павел Никифоров, Монгол Улсын ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэл, Монгол Улсын анхны сансрын нисэгч, ЗХУ болон БНМАУ-ын баатар, "Астропарк" музейн захирал Ж.Гүррагчаа нар гарын үсэг зуржээ. Талууд одон орны зуслан зохион байгуулах нарийвчилсан хэлэлцээрийг ойрын үед боловсруулан, батлахаар төлөвлөж байгаа аж.

 

Энд дуулгахад, Россотрудничество байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газарт болж буй "Азийн хаалга" нэртэй олон улсын 33 дугаар үзэсгэлэнд Эрхүүгийн одон орон судлалын төв оролцож байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин