2021 онд байгалийн гамшгийн улмаас 170 тэрбум долларын хохирол учиржээ
2021-12-27

Британийн Christian Aid байгууллагын явуулсан судалгаагаар 2021 онд тохиосон хамгийн хөнөөлт 10 байгалийн гамшгийн улмаас 170 тэрбум ам.долларын хохирол учиржээ. Энэ талаар Forbes сэтгүүл судалгаанаас иш татан мэдээлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, энэ нь сүүлийн 10 жилд 100 тэрбумыг давсан хохирол бүхий байгалийн гамшиг тохиосон зургаа дахь удаагийн тохиолдол гэнэ.  

 

"Энэ онд цаг уурын өөрчлөлтийн үр дагавар ноцтой байлаа. Аюулгүй, хөгжин цэцэглэх буй дэлхийг бүтээх замдаа хүн төрөлхтөн ороогүй гэдэг нь илт байна" хэмээн Christian Aid байгууллагын цаг уурн асуудал эрхэлсэн хэлтсийн дарга, илтгэлийн зохиогч Кэт Крамер өгүүлжээ. Судлаачид Aon даатгалын компанийн мэдээлэл дээр тулгуурлан даатгалтай хохирлыг үндэслэн нийт хохирлыг гаргасан тул бодит хохирол 170 тэрбум ам.доллараас хавьгүй их байж болзошгүй гэж онцолсон байна. 

 

Чинээлэг орнуудад үл хөдлөх хөрөнгө болон даатгалын хэмжээ өндөр байдаг тул байгалийн гамшгаас учирсан хохирлыг өндрөөр үнэлдэг байна. Харин энэ онд тохиосон байгалийн гамшгуудын зарим нь ядуу буурай орнуудад тохиосон гэдгийг судлаачид онцолжээ. Тухайлбал, энэ онд Өмнөд Суданд үерийн гамшиг тохиож, сая орчим хүн орон гэрээ орхин нүүхээс аргагүй болсон бол Дорнод Африк ган гачгаас болж ихээхэн хохирол амссан юм. 

 

Дэлхийн дулааралд төдийлөн жинтэй нөлөө үзүүлээгүй орнууд ийнхүү цаг уурын өөрчлөлтийн улмаас хохирч байгааг судлаачид онцлоод, хорт хаягдлыг бууруулах тал дээр дорвитой арга хэмжээ авахгүй бол энэ байдал цаашид үргэлжилсээр байна хэмээн анхааруулжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин