COVID-19: Японд насан туршийн дархлаа үүсгэх вакцин бүтээж байна
2022-01-03

Японы эрдэмтэд коронавирусийн халдвараас сэргийлэх насан туршийн дархлаа үүсгэх чадвартай вакциныг ирэх он гэхэд эмнэлзүйн туршилтад оруулах гэнэ. Энэ талаар Жапан Таймс мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Токиогийн анагаах ухааны хүрээлэнгийн профессор Митинори Кохарын удирдсан эрдэмтэд насан туршийн дархлаа үүсгэх вакцин бүтээхээр ажиллаж байгаа гэнэ. Мэргэжилтнүүдийн өгүүлснээр, шинэ бэлдмэл нь амжилттай болвол аюултай халдвартай тэмцэх хүн төрөлхтний тэмцэлд томоохон нөлөө үзүүлж, хүмүүсийг дархлаажуулах болон цар тахлаас урьдчилан сэргийлэхэд улс орнууд зарцуулж буй асар их хөрөнгийг хэмнэх боломж бий болгох аж. 

 

Насан туршийн дархлаа тогтоох чадвартай вакцины эмнэлзүйн туршилтад 150-200 орчим сайн дурын хүн оролцуулан 2023 оны эхээр эхлүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ. Сайн дурынхны дунд коронавирусийн халдвар аваад эдгэрсэн болон вакцин тариулсан хүмүүс ч багтах юм байна.

 

Жапан таймс сонины мэдээлснээр, коронавирусийн энэхүү шинэ вакциныг ХХ зууны хоёрдугаар хагаст вакцины ачаар хүн төрөлхтөн нэг мөсөн мартаж чадсан цагаан цэцэг өвчнөөс сэргийлэх тарилга дээр суурилжээ. Цагаан цэцэг  өвчнийг хүн төрөлхтөн вакцины ачаар нэг мөр устгасан бөгөөд хамгийн сүүлд энэ халдварт өвчний тохиолдол 1977 онд бүртгэгдэж байсан юм.

 

Ийнхүү дэлхий дахинд устсан өвчнөөс сэргийлэх вакцин дээр тулгуурлан гарган авсан коронавирусээс сэргийлэх вакцины туршилт амжилттай болвол 2024 он гэхэд л зах зээлд нийлүүлэгдэх аж.

 

Токиогийн анагаах ухааны хүрээлэнгийн төлөөлөгчдийн мэдэгдсэнээр, шинэ вакцин нь ноцтой гаж нөлөөгүй байхын дээр хадгалах, тээвэрлэхэд онцгой нөхцөлд шаардахгүй тул дэлхийн хамгийн халуун уур амьсгалтай орнууд руу ч тээвэрлэх боломжтой болох гэнэ.

 

"Энэ вакцины гол шинж чанар нь эсрэг биет боловсруулахад дэмжлэг үзүүлж, насан туршийн дархлаа үүсгэх боломжтой болгоно. Нэг тун вакцин нь 20 гаруй сарын туршид үйлчлэх бөгөөд урьд өмнө нь ийм үр дүн харуулж байсан нэг ч вакцин байхгүй" хэмээн профессор Кохара өгүүлжээ. 

Хулгана дээр хийсэн туршилтаар эрдэмтэд өндөр эмгэг генийн шувууны ханиадны генийг ашигласан байна. Туршилтын дүнгээс харахад вакцин тариулсан хулгануудад 20 сарын дараа эсрэг биетийн төвшин өндөр байгаагийн дээр вирусийг биед нь оруулсны дараа хулганууд амьд гарч чадсан гэнэ. Харин тарилга тариулаагүй хулганууд үхэж байжээ. Эрдэмтдийн онцолсноор 20 сар гэдэг нь мэрэгчдийн дундаж амьдралын хугацаа аж.


 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин